ОХУ стратегийн цөмийн хүчний сургуулилалт эхлүүлсэн талаараа АНУ-д албан ёсоор мэдэгджээ

Цөмийн хошуу тээвэрлэх чадвартай баллистик пуужинугуд хөөргөх "Гром" стратегийн цөмийн хүчний сургуулилалт эхлүүлэхээр болсон талаараа ОХУ мягмар гарагт АНУ-д албан ёсоор мэдээлсэн гэж Пентагон, Төрийн департаментын төлөөлөгчид мэдэгджээ. Энэ талаар Регнум агентлаг дамжуулсан байна.
ОХУ жил бүр стратегийн цөмийн хүчний сургуулилалт хийдэг ч энэ онд ОХУ Украинд дайн өдүүлсэнтэй холбоотойгоор энэ сургуулилалт илүүтэй анхаарал татаж байгаа юм. "Орос улс сургуулилалт хийхээр болсноо мэдээлснээрээ зэвсэглэд тавих хяналтаар хүлээсэн үүргээ биелүүлж байна" хэмээн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер мэдэгдсэн бол Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс "Ийнхүү мэдээлсэн нь болж буй үйл явдалд буруу үнэлэлт дүгнэлт өгөх эрсдэлийг бууруулж байгаа"-г цохон тэмдэглэжээ.
Оросын цөмийн хүчний өмнөх сургуулилалт Украин руу халдахаас хэдхэн хоногийн өмнө дуусаж байлаа. Харин энэ удаагийн сургуулилалтын талаар ОХУ урьдчилан мэдээлээгүй, АНУ ийм сургуулилалт эхлэх талаарх албан ёсны мэдээллийг олон хоног хүлээж байгаа хэмээн мэдэгдэж байв. Энэ сургуулилалтын өмнө НАТО-ын цөмийн сургуулилалт эхэлсэн юм. Тодруулбал, Бельгид НАТО-ийн жил бүрийн сургуулилалт үргэлжилж байгаа бөгөөд НАТО-ын 14 гишүүн орон хоёр долоо хоногийн туршид стратегийн бус цөмийн зэвсэг ашиглах цэргийн сургуулилалт хийх аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ