2022 оны есдүгээр сард Буриадад ипотекийн зээл олголт өмнөх сараас 3,8 хувиар буурсан талаар "Номер один" сонин мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Орост зарласан хэсэгчилсэн дайчилгаа айл өрхүүдийн төлөвлөгөөг эрс өөрчилж, хүмүүс ипотекийн зээл авахын оронд дайчлагдсан эрчүүддээ хувцас, хамгаалалтын хэрэгсэл авч өгөхийн тулд хэрэглээний зээл авахаар банканд хандах нь илүүтэй болсон гэнэ. Үүний зэрэгцээ боловсролтой залуу эрчүүд хилийн чанадыг зорьсон нь орон сууцны эрэлтэд нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ.
"Дайчилгаа худалдан авагчдын төлөвлөгөөг ихээхэн өөрчилсөн. Гэхдээ одоогоор манай улсад үнэ ихээр буурсан байдал ажиглагдахгүй байна. Анхдагч үнээ 100-200 мянган рублиэр бууруулж байгаа хүн багагүй байгаа ч одоогоор хүмүүс ийм том худалдан авалт хийхэд сэтгэлзүйн хувьд бэлэн биш байгаа нь илт"- хэмээн үл хөдлөх хөрөнгийн зууч Ирина Сокольникова өгүүлжээ.
Түүний өгүүлснээр, энэ байдал хоёр сар орчим үргэлжилж, шинэ жил гэхэд зах зээл дээр шинэ чиг хандлага үүсэн, орон сууцны үнэ буурах магадлалтай байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн