Нэнси Пелоси албан тушаалаа орхино

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь ардчилсан намынхныг хорь орчим жил тэргүүлсэн Нэнси Пелоси албан тушаалаасаа буух болсноо зарласан гэж ВВС агентлаг мэдээллээ.
Өдгөө 82 настай Нэнси Пелоси Төлөөлөгчдийн танхимын тэргүүний албан тушаалыг хашсан анхны эмэгтэй мөн Конгресс дэх хамгийн нөлөө бүхий ардчилсан намын гишүүнд тооцогддог. Тэрбээр албан тушаалаа орхих болсон нь завсрын сонгуулиар Төлөөлөгчдийн танхимд бүгд найрамдахчууд хяналт тогтоохоор болсонтой холбоотой аж.
Пелосигийн орхиж буй албан тушаалд Бүгд Найрамдах намын гишүүн Кевин Маккарти нэрээ дэвшүүлсэн юм. Хэдийгээр Пелоси Төлөөлөгчдийн танхимын тэргүүний албан тушаалыг орхих болсон ч Конгрсесын доод танхимд Калифорнийн тойргийг төлөөлсөн гишүүн хэвээр үлдэх юм байна.
"Гэрийн эзэгтэйгээс Төлөөлөгчдийн танхимын тэргүүн хүртэлх замыг туулна гэж хэзээ ч бодож байсангүй. Дараагийн конгрес дээр Ардчилсан намын тэргүүнээр дахин сонгогдох гэж хичээхгүй. Ардчилсан намын фракцийг шинэ үе тэргүүлэх цаг нь ирсэн" гэж Нэнси Пелосии мэдэгджээ.
Төлөөлөгчдийн танхимын тэргүүн нь АНУ-ын Үндсэн хуульд тусгагдсан, Конгресс дэх албан тушаал бөгөөд энэ албан тушаал нь "төрийн гурван өндөрлөг"-ийн нэг, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн дараа гуравдугаарт эрэмбэлэгддэг юм. Тэргүүн, түүний орлогчид болон хороодын дарга нар ямар хуулийн төслийг хэлэлцэх, санал хураахыг шийддэг. Мөн тэд хэлэлцэх асуудлыг тогтоож, хэлэлцүүлгийг зохицуулах журмыг тодорхойлдог юм байна.
АНУ-ын Конгресс дэх томоохон намыг тэргүүлсэн анхны эмэгтэй болох Нэнси Пелоси Төлөөлөгчдийн танхим дахь хамгийн үр бүтээлтэй удирдагчдын нэг, ардчилагчдын хувьд хосгүй үнэт хөрөнгө, бүгд найрамдахчуудын хатуухан өрсөлдөгч гэж ВВС агентлагийн сэтгүүлч Энтони Зуркер онцолсон байна.
Нэнси Пелоси 1987 онд Конгресст сонгогдож байжээ. Харин 2003 онд цөөнхийн тэргүүн болсон бол 2006 онд ардчилсан намынхан сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа төлөөлөгчдийн танхимд олонх болсон үед Нэнси Пелоси Конгрессын томоохон намыг тэргүүлсэн анхны эмэгтэй болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ