Шотландад хөлбөмбөгчдийг толгойгоороо бөмбөг цохихыг хориглоно

img

Шотландын мэргэжлийн хөлбөмбөгчдөд тэмцээний өмнөх бэлтгэл болон тэмцээний маргааш өдөр нь толгойгоороо бөмбөг цохихыг хориглохоор болжээ. Энэ нь Глазгогийн их сургуулийн судалгаанаас үүдсэн шийдвэр гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Энэ судалгаагаар, хөлбөмбөгчин байсан хүмүүс толгой, тархитай холбоотой өвчлөлөөр нас барах нь бусад хүмүүстэй харьцуулахад 3,5 дахин их байдаг гэдэг нь тогтоогджээ. Судпалгааны багийг ахласан мэдрэлийн эмгэг судлаач Уилли Стюартын өгүүлснээр, мэргэжлийн хөлбөмбөгчид Альцгеймерийн өвчнөөр өвдөх эрсдэл тав дахин, хөдөлгөөний мэдрэлийн өвчин үүсэх эрсдэл дөрөв дахин, харин Паркинсоны өвчинтэй болох эрсдэл хоёр дахин их байдаг гэнэ. Энэ нь байнга толгойгоороо бөмбөг цохидогтой холбоотой байж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байгаа аж.

 

Эрдэмтдийн судалгаагаар, толгойгоороо бөмбөг цохих нь нэн аюултай байж болзошгүй гэдэг нь тогтоогдсон тул бэлтгэлийн үеэр толгойгоороо бөмбөг цохих дасгалыг долоо хоногт нэгээс илүүгүй хийх зөвлөмжийг хөлбөмбөгийн багуудад хүргүүлсэн байна. Түүнчлэн өсвөр хөлбөмбөгийн багт толгойгоор бөмбөг цохих тоглолтыг хязгаарлаж, 12 хүртэлх насны тоглогчдыг толгойгоороо бөмбөг цохихыг хориглох журмыг Шотландын хөлбөмбөгийн холбоо боловсруулжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Толгойгоороо бөмбөг цохиод байхдаа яахав дээ мөргөх гэдэг юм...
2022-11-29