Амиа хорлосон хурандаагийн эхнэр Путинд хандан нээлттэй захидал бичжээ

Оросын Владивосток хотод байх Номхон далайн тэнгисийн цэргийн сургуульд өрөөндөө өөрийгөө буудан хөнөөсөн гэгдэх хурандаа Вадим Бойкогийн эхнэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан нээлттэй захидал бичсэн талаар "Эрх чөлөө" радио мэдээлжээ.
Тэрбээр энэ захидалдаа, дайчилгааны үеэр нөхрийнх нь тулгарсан олон асуудлыг бичсэний дээр нөхрийг нь хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр буруутгаж, эрүүгийн хариуцлагад татна гэж сүрдүүлж байсан талаар өгүүлсэн байна. Мөн хурандаа өөрийгөө буудсан гэдэгт эргэлзэж байгаа түүнийг хөнөөсөн байж болзошгүй гэж үзэж байгаагаа бичжээ.
Хурандаагийн эхнэр Юлия Бойкогийн бичсэнээр, нөхөр нь орлогч даргаар ажилладаг сургуулийн бааз дээр тулгуурлан есдүгээр сарын 16-ны өдөр буюу дайчилгаа зарлахаас тав хоногийн өмнө дайчилгааны цэг байгуулсан аж. Ингээд техник, дайчлагдсан иргэдийг бэлтгэх ажлыг хурандаа Вадим Бойкод хариуцуулсан байна. Тэрбээр сургууль дээр төдийгүй полигон дээр ч ажилладаг байжээ.
Юлия Бойкогийн захидалд өгүүлснээр, дайчилгааны цэгүүд дээр хангамж муу, дайчлагдсан эрчүүд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг байсан, засаж сэлбэн, фронт руу илгээх ёстой байсан техникүүд нь байлдааны даалгавар биелүүлэх боломжгүй байсан гэх олон асуудал байсан гэнэ.
Энэ олон асуудлын улмаас нөхөр нь "сэтгэл санааны дарамтад орсон ч дээд удирдлагаасаа тусламж авч чадаагүй" хэмээн хурандаагийн эхнэр бичжээ. Дайчлагдсан эрчүүдийн гаргасан гомдлын дагуу шалгалт хийсний дараа хурандаа Бойког "төрийн өмч шамшигдуулсан" хэргээр эрүүгийн хэрэгт татна, 100 сая рублийн өр ногдуулна хэмээн сүрдүүлж байсан хэмээн Юлия Бойко бичсэн байна.
Түүнчлэн тэрбээр нөхрийнх нь үхлийн шалтгааныг нарийвчлан шалгах ёстой, "Алс Дорнодод цэргийн ангиудад гарч байгаа эмх замбараагүй байдалд анхаарал хандуулахыг миний нөхрийн үхэл сануулж байна" хэмээн Путинд хандан бичжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ