Елена Зеленская: Оросууд бэлгийн хүчирхийллийг ч зэвсэг болгон ашиглаж байна

Лондон хотноо болсон "Сөргөлдөөний үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэхийг таслан зогсоох санаачилга" бага хуралд Украины тэргүүн хатагтай Елена Зеленская оролцон үг хэлж, дайны үеэр бэлгийн хүчирхийллийн олон тохиолдол гарч байгаад дэлхий нийтийг анхаарлаа хандуулахыг уриалджээ.
Зеленскаягийн өгүүлснээр, Украины Прокурорын газар Оросын цэргүүдийн үйлдсэн байж болзошгүй бэлгийн хүчирхийллийн 100 гаруй хэргийг шалгаж байгаа, бодит тоо үүнээс ч их байж болзошгүй гэнэ.
"Эзлэн түрэмгийлэгчид украинчуудыг гутаан доромжлох боломж их байна. Харамсалтай нь тэд бэлгийн хүчирхийлэл, бэлгийн гэмт хэргийг зэвсэг болгон ашиглаж байгаа. Хүчирхийлэл асар ихээр үйлдэгдэж байгааг хүн бүр мэдэж байгаа. Оросын цэргүүд ч энэ талаараа ил тод ярьдаг" хэмээн Зеленская мэдэгджээ.
Бэлгийн хүчирхийллийн хохирогчдын ихэнх нь айдас, сэтгэцийн дарамтаасаа болоод гэмт хэргийн талаар ярихаас айдаг, гэмт хэрэг үйлдсэн хүмүүс эргэн ирээд дахин хүчирхийлэл үйлдэж болзошгүй гэж эмээдэг хэмээн Украины тэргүүн хатагтай онцолсон байна.
"Тиймээс, энэ хэргийг цэргийн гэмт хэрэг гэж тодорхойлж, буруутай хүмүүсийг хариулагад татах нь нэн чухал. Дэлхий дахин үүнд хариу өгөх ёстой, үгүй бол дэлхий даяар ийм төрлийн цэргийн гэмт хэрэг үйлдэгдэнэ" хэмээн Елена Зеленская мэдэгджээ.
Украины эрх баригчид бэлгийн хүчирхийллийн золиос болсон хүмүүст туслах хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд энэ нь гэмт хэргийг илрүүлэх, буруутныг шийтгэхэд эхний чухал алхам болсон гэж Зеленская мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ