Италид Засгийн газраа эсэргүүцсэн жагсаалд 10 мянган хүн оролцжээ

Ням гарагт Италид Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болж өнгөрчээ. Ром хотод болсон энэ жагсаалд 10 мянган хүн оролцсон бөгөөд нийслэлийн төдийгүй бусад хотоос ирсэн хүмүүс жагсаалд нэгдсэн талаар МИР24 мэдээлсэн байна.
Жагсагчид амьдралын өртөг дааж давахааргүй болсон, дөрвөн хүн тутмын нэг нь нэн ядуу амьдарч байна гээд бусад оронд зэвсэг нийлүүлэх биш харин боловсрол, эрүүл мэнд, иргэдийг дэмжихэд мөнгө зарцуулахыг засгийн газраасаа шаарджээ. Түүнчлэн тэд эсэргүүцлээ илэрхийлэн НАТО-ын далбааг шатаасан байна.
"Бид цаашид ингэж амьдарч чадахгүй. Ямар ч мөнгө алга. Энэ хямралын төлөөсийг хүмүүс төлөхийг хүсэхгүй байна. Энэ бол бидний буруу биш. Энгийн иргэдийг шулж баяжиж байгаа эрчим хүчний компаниуд байсаар байгаад эрх баригчид буруутай" хэмээн нэгэн оролцогч сэтгүүлчдэд ярьжээ.
Энд дуулгахад, энэ намраас эхлэн дэлхийн олон оронд үнийн өсөлт, эдийн засгийн хямралыг эсэргүүцсэн жагсаал ээлж дараалан болсоор байгаа юм. Их Британи, Чех, Польш зэрэг Европын орнуудад өрнөж байсан жагсаал ажил хаялт Өмнөд Солонгост ч гарсан. Өмнөд Солонгост ачааны машины жолооч нар цалингаа нэмүүлэхийг шаардан ажил хаяснаар бараа нийлүүлэлтэд ихээхэн доголдол гарсан. Улмаар Өмнөд Солонгосын эрх баригчид ажил хаялтаа зогсоохыг шаардан, ажилдаа эргэн орохгүй бол шоронд хорих хүртэл арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн ч жолооч нар ажил хаялтаа өндөрлүүлээгүй байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ