Орос, Украин олзны хүмүүсээ солилцлоо
2023-04-11

Орос, Украин олзны хүмүүсээ солилцох ээлжит ажиллагааг даваа гарагт зохион байгуулсан талаар ТОХУ-ын Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн солилцоогоор Орос 106, Украин 100 хүнээ хүлээн авсан байна. Олзноос суллагдсан 106 хүнийг цэргийн тээврийн нисэх хүчний онгоцоор Москвад хүргэж, тэнд нь Батлан хамгаалах яамны харьяа эмнэлгийн байгууллагад эмчлүүлнэ гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

 

Даваа гарагт ээлжит солилцоо болсон талаар Украины тал ч баталсан байна. Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак Украины 100 цэрэг гэртээ эргэн ирснийг баталжээ.

 

Тэдний дунд Украины Зэвсэгт хүчний алба хаагчид, тэнгисийн цэргүүд, хилчид, Үндэсний гвардын алба хаагчид байсан бөгөөд тэдний зарим нь өвдсөн тул эмнэлэгт эмчлүүлнэ гэж Ермак мэдэгдсэнийг УНИАН дамжуулсан байна. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн сарын сүүлээр Украин Оросын талд тээвэрлэж болохуйц хүнд өвчинтэй олзны бүх цэргийг хүлээлгэн өгсөн гэсэн мэдээлэл гарч байлаа. Олзны цэргүүдтэй ажиллах хохицуулах штабын мэдээлснээр, ийм хүнд өвчинтэй таван хүн байсан бөгөөд бүгдийг Оросын талд хүлээлгэн өгсөн байна. Энэ нь олзны хүмүүсийг солилцох  биш харин шилжүүлэн өгөх ажиллагаа юм. Олон улсын эрхзүйн дагуу хүнд шархадсан, хүнд өвчинтэй олзны хүмүүсийг солилцох биш харин нутаг руу нь хариу болзолгүйгээр нүүлгэн шилжүүлэх ёстой аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ялж байгаа л гээд байдаг.. Гэтэл юун олон цэргээ олзлуулсан юм дээ энэ Оросууд.Дайрч довтолж байгаа тал уг нь хамаагүй цөөн хүнээ олзлуулдаг байтал бараг тэнцүү тоотой хүнээ солилцоод байхийн
2023-04-11
Ялгааг ол:
Украинчууд эд нарыгаа эхлээд эцэг эхтэй нь яриулж байна. Дараа нь эмнэлэгт аваачна гэнэ. Орос ах нар маань харин яах бол, хэзээнээсээ олзныхондоо хатуу хандаж ирсэн. Бууж өгсөн цэргүүдээ шоронд хийж, цөлдөг уламжлалтай
2023-04-11