Бээжингийн эмнэлэгт гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
2023-04-20

Дөрөвдүгээр сарын 18-нд Хятадын нийслэл Бээжин дэх нэгэн эмнэлэгт гал гарсны улмаас олон хүн амиа алдсан талаар Хятадын Төв телевиз мэдээлснийг бид дамжуулж байсан. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотын "Чанфэн" эмнэлгийн зүүн жигүүрт дөрөвдүгээр сарын 18-ны 13.00 цагт гал гарсан байна.

 

Лхагва гарагт гарсан мэдээлэлд, гал түймрийн улмаас 20 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан юм. Харамсалтай нь энэ тоо нэмэгдэж, амиа алдсан хүний тоо 29 болсон талаар Бээжингийн Фэнтай дүүргийн захиргааны төлөөлөгч хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Амиа алдсан хүмүүсийн тунд эмнэлгийн хоёр ажилтан, өвчтөний ар гэрийн нэг хүн байсан бол бусад нь бүгд хэвтэн эмчлүүлж байсан хүмүүс аж. 

 

Гал түймрийн улмаас 39 хүн бэртэж гэмтсэний гурвынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Галыг унтраах үеэр барилгаас 142 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн шатаж буй барилгаас гарахын тулд хүмүүс даавуу залган цонхоор бууж, зарим нь зэргэлдээх агааржуулагч руу авирч, барилгаас гарч байсан талаар гэрчүүд ярьжээ.

 

Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр, барилгын баруун жигүүрийн тавдугаар давхраас гал гарсан бөгөөд энэ хэсэгт ахмад настнууд болон хөдөлгөөн хязгаарлагдмал хүмүүс голчлон хэвтэж эмчлүүлдэг аж. Улмаар гал гарахад эдгээр хүмүүс хурдан зугтах боломжгүй байсан тул олноор амиа алдаж, гэмтэж бэртсэн аж. Хохирогчдын дундаж нас 70 байсан гэж хэвлэлүүд мэдээлжээ. Эмнэлэгт хийж байсан гагнуурын ажлаас гал үүдэлтэй гэсэн урьдчилсан таамаглал дэвшүүлж, энэ хэрэгтэй холбоотойгоор эмнэлгийн ерөнхий эмч болон засварын бригадын ажилтнууд гээд нийт 12 хүнийг баривчан саатуулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин