Холливудын зохиолчид ажил хаясны улмаас телевизийн нэвтрүүлгүүд зогсжээ
2023-05-03

Холливудын зохиолчид ажил хаялт зарласны улмаас АНУ-д алдартай үдшийн нэвтрүүлгүүдийн ихэнх нь шинэ дугаараа цацахаа зогсоосон талаар Нью-Йорк Таймс сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Жимми Фэллонтой шөнийн шоу", "Стивен Колберын үдшийн шоу", "Жимми Киммел шууд эфирт" зэрэг нэвтрүүлгүүдийн шинэ дугаар цацагдах нь хойшлогдож, NBC, ABC, CBS  телевизүүд нэвтрүүлгийнхээ дугааруудыг давтан үзүүлж байгаа аж.

 

Холливудын зохиолчид тавдугаар сарын хоёрны өдөр ажил хаясан бөгөөд энэ нь тэдний хувьд сүүлийн 15 жилийн хугацаан дахь анхны ажил хаялт аж. Netflix, Amazon, The Walt Disney, Paramount ,Apple TV-тэй зургаан долоо хоног хэлэлцээ хийсэн ч тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас ажил хаялт зарлажээ. Зохиолчид цалин нэмэх, ажилд хиймэл оюун ухаан ашиглахаас татгалзах зэрэг хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахтай холбоотой шаардлагуудыг тавьж байгаа аж. 

 

Медиа компаниуд болон зохиолчид сар гаруй хугацаанд хэлэлцээ хийсэн ч ямар ч тохиролцоонд хүрч чадаагүй байгаа гэнэ. Өмнө нь 2007 онд зохиолчид ажил хаяж, энэ ажил хаялт 100 өдөр үргэлжилснээр 2,1 тэрбум долларын хохирол учирж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин