Мууранд зориулсан хөлөг онгоцны аяллыг Сингапурт зохион байгуулж байна
2023-08-30

Сингапурт мууранд зориулсан хөлөг онгоцны аяллыг зохион байгуулж эхэлжээ. Энэ нь дэлхийн анхны энэ төрлийн аялалд тооцогдож байгаа юм. Мууранд зориулсан хөлөг онгоцны аялал бий болсноор хүмүүс хайртай амьтныхаа хамтаар хөлөг онгоцны тавцан дээр нар жаргахыг харан, ая тухтай аялах боломжтой болжээ. 

Хоёр цаг хагас үргэлжлэх аялалд 15 хүнийг мууртай нь хамт зорчуулах боломжтой бөгөөд Сентоза арлын дагуу явж, Сингапурын үзэсгэлэнт газруудыг харж, галын наадам ч үзэх боломжтой гэнэ. 

Аяллыг зохион байгуулдаг Tall Ship Adventures компанийн мэдэгдсэнээр, хөлөг онгоцон дээр амьтдын аюулгүй байдлыг хангахын тулд мэргэжилтнүүд болон муур хамгаалах байгууллагуудаас зөвлөгөө авсан гэнэ. Аюулгүй байдлыг хангах үүднээс тавцан дээр муурнуудыг найдвартай бэхлэх төхөөрөмж суурилуулсны дээр муурнуудыг аялалд гарахаас өмнө вакцин тариулсан байх ёстой аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин