Их Британи Вагнер компанийг алан хядагч байгууллага гэж зарлана
2023-09-06

Их Британийн Засгийн газар Оросын "Вагнер" хувийн цэргийн компанийг алан хядагч байгууллагуудын жагсаалтад багтаахаар болжээ. Энэ талаар тус улсын Дотоод хэргийн сайд Суэлл Браверман мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулсан байна.

 

Дотоод хэргийн сайд Браверман Вагнерын хөлсний цэргүүдийг "алан хядагчид" хэмээгээд Украин, Африкт явуулж буй энэ компанийн үйл ажиллагаа "дэлхий дахинаа аюул заналхийлж байна" хэмээн онцолжээ.

 

Вагнер компанийг алан хядагч байгууллагуудын жагсаалтад оруулах тухай баримт бичгийн төслийг удахгүй парламентад танилцуулах юм байна. Энэ шийдвэр батлагдсанаар энэ байгууллагыг Их Британийн хуулиар хууль бус гэж үзэх бөгөөд энэ компанийг аливаа байдлаар дэмжих, үйл ажиллагааг нь олны өмнө дэмжсэн тохиолдлыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох юм байна. Ийм хэргийн төлөө дээд тал нь 14 жилийн хорих ял оноодог аж.

 

Түүнчлэн алан хядах байгууллагын таних тэмдгийг зүүх, олны өмнө харуулвал 5000 фунт стерлинг хүртэлх хэмжээний торгууль эсвэл хагас жилийн хугацаагаар хорих ял оноодог юм байна. Түүнчлэн алан хядах байгууллагын жагсаалтад орсон байгууллагуудын аливаа хөрөнгө Их Британид илэрвэл шууд хураах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин