Хятадад Хэллоуин баярын нүүр будалт хийхийг хоригложээ
2023-10-25

Хятадын метрогоор үйлчлүүлэгчдийг Хэллоуиний нүүр будалт  хийхийг хоригложээ. Энэ талаар олон нийтийн сүлжээнд тархсан дүрс бичлэгээс иш татан ЭКД мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хэллоуин тэмдэглэхээр энэ баярын онцлог бүхий нүүр будалт хийсэн зорчигчид Гуандун мужийн Гуанжоу хотын метроны өртөөн дээр ирэхэд метроны ажилтнууд тэднийг нүүрний будгаа арилгахыг шаардаж байгаа бичлэг цахим орчинд тархжээ. Метроны өртөө рүү орох хэсэгт ус, цэвэрлэгч шингэн, салфетка тавьсан байх аж. Улмаар зорчигч эмэгтэйчүүд баярын нүүр будалтаа арилгахын тулд гар утсаа толь болгон ашиглаж байгаа нь дүрс бичлэгт бичигдсэн байна. 

 

Гуанжоу хотын захиргааны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, төмөр замын тээврээр үйлчлүүлж буй зорчигч бусдыг айлгаж цочирдуулж болзошгүй хувцас өмсөх эсвэл цочирдом нүүр будалт хийхгүй байх дүрэмтэй гэнэ. Тиймээс Хятадад залуучууд ихээр тэмдэглэдэг Хэллоиун баярын үеэр энэ журмыг мөрдүүлэхийн тулд хотын аюулгүйн алба хяналт тавьж эхэлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин