Бангладешт ажил хаялт зарласан ажилчид цагдаагийнхантай мөргөлдөж байна
2023-11-09

Бангладешийн даавууны үйлдвэрийн ажилчид цалингаа нэмэхийг шаардан ажил хаялт зарлаад хэд хоног өнгөрч байна. Тэд үйлдвэрийн эзэдтэй тохиролцож чадахгүй байгаагийн улмаас эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар эсэргүүцэл нь эмх замбараагүй байдал болон үргэлжилж байгаа талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эсэргүүцэлд нэгдэгчид цагдаагийнхантай мөргөлдсөн тохиолдол удаа дараа гарч, хүний амь нас ч хохирсон байна. Бангладешт оёдлын салбарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ сарын 75 доллар буюу монгол мөнгөөр 272 мянган төгрөг аж. Харин инфляци өссөн энэ үед ийм цалингаар амь зуух хүнд байгаа тул бөс материалын үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлүүд цалинг 227 доллар болгон нэмэхийг шаардаж байгаа аж. 

 

Энэ долоо хоногийн эхээр Бангладешийн эрх баригчид цалинг 113 доллар болгон нэмэхээр болсон ч ажилчид анхны шаардсан ёсоор 227 доллар хүргэхээс нааш ажил хаялтаа зогсоохгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Ажил хаялтын улмаас 500 орчим үйлдвэр хаагджээ. 

 

Газипурт нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж. Энэ хотод олон мянган ажилчин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагдаагийнхантай мөргөлдсөний улмаас нэг эмэгтэй амиа алджээ. Ингэснээр өнөөгийн ажил хаялт, эсэргүүцлээс үүдэлтэйгээр нийт гурван хүн амиа алдсан байна. Иргэд болон цагдаагийнхан ч гэмтэл аван, эмнэлэгт хүргэгджээ. Эсэргүүцэгчид зам хааж, үйлдвэр рүү халдан, чулуу шидэж байгаа бол цагдаагийнхан тэднийг зогсоохоор нулимс асгаруулагч хий, дуут гранат, резинэн сум ашиглаж байгаа аж.

 

Энд дуулгахад оёдлын салбар нь Бангладешийн эдийн засгийн үндэс юм. Энэ улс үйлдвэрлэсэн бөс барааныхаа 80 гаруй хувийг гадаадын орнууд руу экспортлож орлого олдог аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин