Мalaysiakini: Сирул Монголын иргэнийг хөнөөсөн хэргийн захиалагчийг одоо хүртэл нууцалж байна
2023-11-24

Малайзийн Malaysiakini сонин олон жилийн өмнө Монголын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн захиалагчийг хэргийн гол сэжигтэн нууцлаж байгаа талаар мэдээлжээ. Энэ мэдээллийг орчуулан хүргэж байна. 

 

Өмнө нь цагдаагийн тусгай албанд ажиллаж байсан Сирул Азхар Умар Австралид цагаачдын саатуулах газарт есөн жил хоригдсоны эцэст энэ сард суллагдаж, одоо гэр бүлийнхнийхээ хамт Канберрад амьдарч байна. Тэрбээр Монголын иргэн Ш.Алтантуяаг хөнөөх захиалгыг чухам хэн өгсөн талаар өнөөг хүртэл ам нээхгүй байгаа юм. 

 

"Хэн тушаал өгсөн талаар ам нээхийг хүмүүс олон жилийн туршид хүлээсэн. Гэхдээ би одоо ч энэ талаар хэлж чадахгүй" хэмээн Сирул Азхар Умар Аль-Жазира сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. 

 

Мөн аллагын захиалагч нь чухам хэн болох мэдээллийг задлахгүй байгаа шалтгаан нь шан харамжтай холбоотой байж мэдэх юм. Тэрбээр Аль-Жазирад өгсөн ярилцлагадаа, түүнийг дуугүй байлгахын тулд хэдэн жилийн өмнө мөнгө төлж байсан хэмээжээ. Түүнчлэн харьцангуй аюулгүй, хол улс оронд амьдарч байгаа ч түүнийг "мөрдөх, хянах" оролдлогууд гарч байсан хэмээн өгүүлсэн байна. 

 

"Би худлаа хэлмээргүй байна. Одоо ч намайг хянадаг хүн бий. "Умар, чи юу ч ярьж болохгүй, дуугүй бай" гэдэг" хэмээн Сирул Умар өгүүлжээ. Дуугүй байснаараа хэнийг хамгаалах ёстой байсан талаарх асуултад тэрбээр "Үнэнийг хэлэхэд, тухайн үеийн Ерөнхий сайд Нажиб Абдул Разакийг хамгаалахын тулд дуугүй байгаа" хэмээн хариулсан байна. 

 

Харин Нажиб Абдул Разак өөрийгөө Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт буруугүй, суудлаас нь түлхэн унагах зорилготой олон улсын оролцсон үгсэн хуйвалдааны нэг хэсэг хэмээн удаа дараа мэдэгдэж байв.

 

Монголын иргэн Ш.Алтантуяа 2006 оны 10 дугаар сард Шах-Аламд бусдын гарт амиа алдсан юм. Түүний цогцосыг дэлбэрэх төхөөрөмж ашиглан дэлбэлсэн байв. Энэ хэрэгтэй холбоотойгоор тухайн үеийн Ерөнхий сайд Нажибын хоёр бие хамгаалагч болох Сирул болон Азила Харди нар 2009 онд аллагын хэрэгт буруутгагдсан ч 2013 онд Давж заалдах шатны шүүх ялыг хэрэгсэхгүй болгож, тэднийг сулласан.

 

Яллагч тал давж заалдах хооронд Сирул Австрали руу зугтаж, улмаар одоо тэндээ амьдарч байгаа юм. Хожим Малайзын Холбооны шүүх дээрх хоёр этгээдэд оноосон ялыг хэвээр үлдээж, цаазын ялыг сэргээсэн. Азила одоо Сунгай Булох дахь шоронгийн цаазын ялтнуудын камерт хоригдож байгаа. Тэрбээр хоригдох үедээ Нажиб Алтантуяаг "гадаадын тагнуул" гэж нэрлэн, түүнийг баривчилж, устгах тушаал өгсөн гэсэн мэдүүлэг өгч байв. 

 

Харин Сирулийг 2015 онд интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа болон аяллын визний хугацаа дууссан гэсэн үндэслэлтэйгээр Австралийн цагдаагийнхан баривчилсан юм. Австралид гадаадын иргэдийг эх оронд нь цаазын ял хүлээж байгаа бол эх орон руу нь буцаадаггүй бодлого баримталддаг тул Сирулийг Малайзын талд хүлээлгэн өгөөгүй байна. Сирул ч Малайз руу буцааж болзошгүй гэдгээс айж байгаа тул Канберрад үлдэх хүсэлт гаргасан хэмээн Сирул Аль-Жазира телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр өгүүлжээ. 

 

"Би тэнд аюулд орно. Тийш буцвал надад аюултай гэдгийг мэдэж байна. Юу ч боллоо гэсэн би Австралид хүүхдүүдтэйгээ хамт амьдармаар байна" хэмээн Сирул өгүүлжээ. 

 

Түүнчлэн нутгийн иргэдэд хандан, уучлал хүсэж,хүүдээ дахин хэзээ ч хууль зөрчихгүй гэж амласан тул одоо байгаагаар нь хүлээн авахыг гуйсан байна. Мөн амиа алдсан бүсгүйн ар гэрийнхнээс нь ч уучлалт гуйна хэмээжээ. 

 

"Би амиа алдсан эмэгтэйн гэр бүлийнхнээс уучлалт гуйх гэж байгаа. Алтантуаягийн гэрийнхнээс. Намайг өршөөгөөч гэж хэлнэ" хэмээн Сирул Аль-Жазира телевизэд ярилцлага өгөх үеэрээ өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-24