Хятадад дэгдсэн хатгалгаа Ази, Европын орнуудад тархаж байна
2023-11-30

Хятадад үл мэдэгдэх вирусээр үүсгэгдсэн хатгалгаа дэгдэж, эмнэлгүүд өвчилсөн хүүхдүүдээр дүүрч байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн олон улсын хэвлэлүүдээр гарч эхэлсэн юм. 

 

Энэ халдвар Вьетнамд хүрч, тус улсын хүн ам ихтэй Хошимин хотод эмнэлгүүд хүүхдүүдээр дүүрсэн талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Ихэнх тохиолдолд хатгалгаа өвчнөөр хүүхдүүд өвдөж байгаа бөгөөд өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул ор хүрэлцэхгүй, эмнэлгийн хонгилд эвхдэг ор гарган хүүхдүүдийг хүлээж авч байгаа гэнэ. Энэ өвчний гол шинж тэмдэг нь өндөр халуурах, ихэнх хүүхдэд уушгинд зангилаа үүсэх шинж тэмдэг илэрч байгаа бол ханиалгах шинж тэмздэг ажиглагдахгүй байгаа аж. 

 

Ийм шинж тэмдэгтэй хүүхдүүд олноор эмнэлэгт хандаж, эмнэлгүүдийн ор дүүрсэн тул хүүхдүүдийг эмнэлгийн хонгилд хэвтүүлэн эмчилж байгааг харуулсан дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тархжээ. 

Өнгөрсөн долоо хоногт гарсан мэдээллээр, Хятадын олон хотод ханиад томууны шинж тэмдэгтэй хүүхдүүдийг хичээлдээ явахыг хориглосон бол тус улсын хойд нутгуудаар өвчлөл хурдацтай тархаж байгаа тул сургуулиудыг хааж эхэлсэн байна. ДЭМБ-ын мэдээлснээр, энэ оны 10 дугаар сараас эхлэн Хятадын хойд нутгуудад тархсан амьсгалын замын өвчлөлийн тохиолдол сүүлийн гурван жилийн хугацааны мөн үетэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа аж.

 

Ингээд ДЭМБ хүүхдүүдийн дунд үл мэдэгдэх вирусээр үүсгэгдсэн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотой нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Хятадын эрх баригчдаас хүсэж байв. Үүний хариуд Хятадын эмч нар шинээр дэгдэж буй өвчин нь хатгалгааны улирлын дэгдэлт, шинэ вирус бүртгэгдээгүй хэмээн мэдэгджээ.

 

"Өвөрмөц эсвэл шинэ эмгэг төрөгч илрээгүй, амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн нь урьд өмнө нь байсан эмгэг төрөгчөөр үүсгэгдсэн гэж Хятадын эрх баригчид мэдэгдсэн" гэж ДЭМБ өнгөрсөн долоо хоноийн пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ онцолсон байв.

 

Ингээд ДЭМБ Хятадын оршин суугчдыг халдвар тархах эрсдэлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалж байсан юм. Мөн "нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, Хятадын эрх баригчидтай холбоо харилцаатай байгаа"-аа мэдэгдэж байв.

 

Ийнхүү Хятадад тархсан хатгалгаа өвчин Европт ч бүртгэгдэж эхэлсэн байна. DW агентлагийн мэдээлснээр, Нидерландад амьсгалын замын халдвар авсан хүүхдүүдийн тоо эрс өсөж байгаа гэнэ. Азийн зарим орнуудад тархсан өвчлөл Нидерландад ч хүрсэн, энэ нь амь насанд аюултай байж болзошгүй өвчлөл гэж Нидерландын мэргэжилтнүүд мэдэгджээ.

 

Энэ улиралд хатгалгаа туссан өвчтөнүүдийн тоо урьд өмнөх жилүүдээс өндөр байгааг Нидерландын эрүүл мэндийн салбарын судалгааны хүрээлэн мэдэгдсэн байна. Өвчтөнүүдийн ихэнх нь 5-14 насны хүүхдүүд байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
корона анх гарахад нуугаал байсан бусад улсынхан шинжилгээ хиймээр юм байна
2023-11-30
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-30