ХАМАС эвлэрлийн зургаа хоногийн хугацаанд 102 хүнийг олзноос чөлөөлжээ
2023-11-30

ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдаж, 1400 орчим  хүнийг хөнөөсний дээр 240 орчим хүнийг олзолсон. Үүний хариуд Израил ХАМАСТ дайн зарлаж, Газын зурвасыг бөмбөгдөж, өнгөрсөн сарын сүүлээс хуурай замын цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Израил олзны хүмүүсийг чөлөөлөх, ХАМАС бүлэглэлийг бүрэн устгах хүртлээ байлдааны ажиллагааг үргэлжилүүлнэ гэж мэдэгдэж байлаа. 

 

Ийнхүү Израил, ХАМАС-ын хооронд дайн дэгдсэний улмаас Газын зурваст энгийн иргэд олон мянгаараа амиа алдаж, тус бүс нутагт хүмүүнлэгийн сүйрэл нүүрлэсэн юм. Улмаар Катар, Египетийн зуучлалтайгаар талууд хэлэлцээ эхлүүлж, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх, олзны хүмүүсийг суллах зорилгоор дөрөв хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцон, энэ хугацааг дахин хоёр өдрөөр сунгаж байв. 

 

Талууд тохиролцооны дагуу олзны хүмүүсийг палестин хоригдлуудаар солилцохоор болсон бөгөөд эвлэрэл зарласан зургаа хоногийн хугацаанд нийтдээ 102 хүнийг олзноос чөлөөлжээ. Олзны хүмүүсийг палестин хоригдлуудыг солих "нэгийг гурваар" зарчмын дагуу нийт 102 хүн суллагдсаны 73 нь Израилын иргэн, 29 нь гадаадын иргэд байсан аж. 

 

Хамгийн сүүлд гэхэд, ХАМАС бүлэглэлийн олзноос суллагдах зургаа дахь бүлэгт Израилын 12 иргэн, Таиландын дөрөв, Оросын хоёр иргэн багтжээ. ХАМАС Израилтай хийсэн тохиролцооноос үл хамааран Оросын иргэдийг суллана гэж амалсан юм. Гэхдээ ХАМАС-ын олзонд Оросын хичнээн иргэн байгаа талаарх мэдээлэл тодорхойгүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин