Хятадад хүүхдүүдийн дунд өдөрт 13,1 мянган халдварын тохиолдол бүртгэгдэж байна
2023-12-01

Сүүлийн үед Хятадад амьсгалын замын өвчлөл эрс нэмэгдэж, тэр дундаа хүүхдүүд ихээр өвдөж байгаа талаар  олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна. Энэ удаад Newsweek сонин Хятад дахь өвчлөл улам бүр газар авч байгаа талаар мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадад коронавирустэй тэмцэхийн тулд хатуу хязгаарлалтыг удаан хугацаанд хэрэгжүүлж, улмаар ердөө жил хүрэхгүйн өмнө цуцалсны улмаас хүүхдүүдийн дархлаа шинэ нөхцөлд бэлтгэгдээгүй байсан нь өвчлөл хурдацтай, эрчимтэй тарах шалтгаан болсон гэж Хятадын судлаачид үзэж байгаа аж.

 

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр, тус улсад голчлон ханиад томуу, хатгалгаа, риновирусийн халдвар, амьсгал-синцитиал вирус, аденовирусийн халдварын тохиолдлууд бүртгэгдэж байгаа гэнэ. Одоогоор Хятад даяар амьсгалын замын өвчлөл, хатгалгааны тохиолдол хэд бүртгэгдсэн талаарх мэдээлэл байхгүй, гагцхүү тодорхой нэг эмнэлгүүдээс ирсэн цуврал тоон мэдээллүүдийг л эх сурвалжууд дамжуулж байгаа юм. 

 

Тухайлбал, Тянжиний хүүхдийн эмнэлэг өдөрт 13 171 хүүхэд амьсгалын замын халдвартай гэж оношлогдон, эмнэлгийн тусламж авсан талаар мэдээлж байв.  Хятадын хойд нутгаар эхэлсэн халдварын дэгдэлт Бээжингээс Ляонин хүртэл ихээхэн нутаг дэвсгэрийг хамарчээ. 

 

Өнгөрсөн долоо хоногт Хятадын хэвлэлүүд мэдээлэхдээ, Бээжингийн эмнэлгүүд сар гаруйн хугацаанд ачаалал ихтэй ажиллаж байгааг онцолж байв. Бээжингийн хүүхдийн эмнэлэгт гэхэд л өдөрт 7000 өвчний тохиолдол бүртгэгдпэж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин