ВИДЕО: Домогт КISS хамтлаг сүүлчийн амьд тоглолтоо толилууллаа
2023-12-04

Домогт KISS хамтлаг 12 дугаар сарын хоёрны үдэш Нью-Йорк хотноо The End of the Road аялан тоглолтынхоо хаалтын тоглолтыг үзэгчдэд толилуулжээ. Ингэснээр рок хөгжимчид тайзаа орхиж байгаа юм биш, харин виртуал тоглолт руу шилжиж байгаа хэрэг гэж Вашингтон Пост сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, KISS хамтлагийнхан сүүлчийн амьд тоглолтынхоо үеэр хэсэг хугацаанд тайзыг орхиж, улмаар тайзнаа тэдний метаверс буюу цахим орон зай дахь дүрүүд God Gave Rock and Roll to You дууг үзэгчдэд хүргэжээ. KISS хамтлаг байгуулагдсанаасаа хойш 50 жилийн дараа шинэ эриний дэвшилтэт технологийг ашигласан нь энэ юм. Хамтлагийнханд "цахим орон зайд мөнх байх" санаа таалагдсан бөгөөд тэд метаверсэд шилжих анхны Америкийн рок хамтлаг болжээ.

 

Энд дуулгахад, KISS хамтлаг 1973 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж байгаа. Энэ хамтлагийн рокерууд өвөрмөц хувцас, тайзны нүүр будалт болон пиротехник ашиглан шоу үзүүлдгээрээ алдартай. KISS хамтлаг  45 алт болон цагаан алтан цомог гаргаж, эдгээр нь нийт 100 сая гаруй хувиар зарагджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин