Politico: Хятадын Гадаад хэргийн сайд асан Цинь Ган амиа хорлосон байж болзошгүй
2023-12-07

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-ийн дараа энэ албан тушаалыг хэсэг хугацаанд хашиж байгаад 2023 оны долдугаар сард албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Цинь Ган таалал төгсжээ. 

 

Politico сонины мэдээлснээр, Цинь Ган Хятадын удирдах албан тушаалтнууд эмчилгээ хийлгэдэг, Бээжин дэх цэргийн эмнээлгт таалал төгссөн байна. Олон сарын хугацаанд олны өмнө гарахгүй байсан Цинь Ган "тамлуулсан эсвэл амиа хорлож нас барсан" гэж Politico Хятадын өндөр албан тушаалтнуудад ойр эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.

 

"Мэдээлэл өгсөн эх сурвалжуудаас хоёр нь Цинь долдугаар сарын сүүлээр, Хятадын дээд албан тушаалтнууд эмчлүүлдэг Бээжингийн цэргийн эмнэлэгт амиа хорлосон эсвэл тамлуулсны улмаас амиа алдсан гэдгийг баталсан" хэмээн Politico онцолжээ.

 

Тэрээр хамгийн сүүлд зургадугаар сарын 25-ны өдөр олны өмнө гарсан бөгөөд тухайн үед Шри-Ланкийн Гадаад хэргийн сайд болон ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко нартай уулзаж байсан юм. 

 

Оросын дэд сайд Хятадад айлчилсан нь "Хятадын Гадаад хэргийн сайд болон Хятадын армийн хэд хэдэн өндөр албан тушаалын офицерүүд барууны тусгай албадтай холбоотой" гэдгийг Ши Жинпиньд мэдээлэх зорилготой байсан гэж холбогдох эх сурвалжууд Politico сонинд мэдээлсэн байна.

 

Барууны тусгай албадтай холбоотой гэгдсэн хүмүүс нь Пуужингийн хүчний ерөнхий командлагч Ли Ючао, түүний орлогч Лю Гуанбин, орлогч асан Жан Жэньжун нар бөгөөд тэд Гадаад хэргийн сайд асан Цинь Ганы адил олон сарын хугацаанд олны өмнө гараагүй юм. 

 

Түүнийг ийнхүү олон сарын хугацаанд сураг чимээгүй байх үеэр Гадаад хэргийн сайдын албан тушаалаас халагдах болсон шалтгааны талаарх мэдээлэл есдүгээр сард гарч байлаа.

 

Тодруулбал, Цинь Ган гэр бүлээс гадуурх харилцааны улмаас албан тушаалаасаа халагдсан гэж Хятадын Коммунист намын дотоод шалгалтын явцтай холбоотой эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр The Wall Street Journal сонин дамжуулж байв. Эх сурвалжуудын өгүүлснээр, Гадаад хэргийн сайд асан Цинь Ган АНУ-д Хятадын Элчин сайдын үүрэг гүйцэтгэж байх үедээ гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосон гэнэ. Улмаар түүнтэй амраглаж байсан бүсгүй хүү төрүүлсэн гэдэг нь Цинь Гантай холбоотой хэргийг шалгах явцад тогтоогдсон байна. Цинь Ганы энэхүү гэр бүлээс гадуурх харилцаа үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлсэн эсэхийг холбогдох комисс шалгаж байгаа гэж WSJ мэдээлж байсан юм.

 

Цинь Ган 2021 оны долдугаар сараас АНУ дахь Хятадын Элчин сайдаар ажиллаж байгаад 2022 оны 12 дугаар сард Хятадын Гадаад хэргийн сайдаар томилогдож байв. Тэрбээр хэсэг хугацаанд олны өмнө гараагүй нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан бол энэ оны долдугаар сарын 25-ны өдөр түүнийг албан тушаалаас нь огцруулж, өмнө нь Гадаад хэргийн сайд байсан Ван И-г дахин томилсон талаарх мэдээлэл гарсан юм. 

 

Хятадын "төрийн цэвэрлэгээ"

Politico сонин Цин Ганы үхлийг жам ёсных байгаагүй гэсэн таамаглал дэвшүүлсэн бөгөөд энэ таамаглалыг төрүүлэх болсон хэд хэдэн нөхцөл байдлыг нийтлэлдээ онцолжээ. 

 

Politico сонинд бичсэнээр, Ши Жинпинь төрийн эрхэнд гарснаас хойш албан тушаалтнуудын дунд баривчилгаа, "амиа хорлолт" эрс нэмэгдсэн бөгөөд Хятадын төрийн дээд түвшинд цэвэрлэгээ явуулсны дотор "урвасан" гэх шалтгаанаар "зайлуулагдсан" хүмүүсийн дунд тэргүүлэгч эдийн засагчид ч багтаж байгаа гэнэ. Энэ онд гэхэд л армийн хэд хэдэн өндөр албан тушаалтнууд баривчлагдсаны дээр өмнө нь орлогч командлагч байсан У Гохуа "тодорхойгүй өвчний улмаас" нас барсан юм.

 


Түүнчлэн, Ши Жинпинь 2012 онд төрийн эрхэнд гарснаас хойш хэдэн зуун ахлах офицер, хэдэн мянган намын албан тушаалтан баривчлагдаж, сураггүй болж, эсвэл "амиа хорлосон" гэж Politico онцолсон байна.

 

Хятадын өндөр албан тушаалтнуудын дунд өрнөж байгаа баривчилгаа, нас баралт нь "сэжиг бүхий", ийм сэжиг таамаг төрүүлэхүйц олон тохиолдол гарч байгаагийн нэг нь Ли Көцяны үхэл гэж эх сурвалж онцолжээ. Энэ онд Ли Көцян 68 насандаа таалал төгссөн бөгөөд төрийн эрх мэдлээр хоёрдугаарт жагсах албан тушаал хашиж байсан Ерөнхий сайд "усан санд байхдаа зүрхний шигдээс болсон"-ы улмаас таалал төгссөн гэж албан ёсоор мэдээлж байв.

 

Гэхдээ дэлхийн шилдэг эмч нар түүний эрүүл мэндийг хянадаг, дээр нь Көцяныг сүүлчийн замд нь үдэх ёслолыг цомхон хийхийг Ши Жинпинь тушаасан нь түүний үхэл жам ёсных байгаагүй гэх сэжгийг төрүүлнэ гэж эх сурвалж онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-08
delhiid hun amaar terguuldeg uls , avilgiin bolon luivar ,hulgaitai ingej temtshees uur yah bileedee ! huuli n changa shudraga baij l irged n taivan amidrah , uls n hugjih zamdaa shuudardag ym bn shuudee !
2023-12-07
Хятадын дээд удирдлага нь 10 жилээр ээлжлэн эрх барьдаг Дэн Сяопингийн үеэс хойш тогтсон уламжлалыг Ши Жиньпин эвдсэн нь буруу болжээ?!!
2023-12-07