Д.ТРАМП, Э.МАСКИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛ ӨРНӨЖ БАЙНА

Дональд Трампын шийдвэрүүдийг эсэргүүцэгчийн жагсаал АНУ-ын хэд хэдэн хотыг хамран үргэлжилж байна. Мөн тэрбумтан Элон Маск төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцон, шийдвэр гаргалтад нөлөөлж буйд жагсагчид дургүйцлээ илэрхийлж байна.
АНУ-ын импортын татвар хэрэгжиж эхэлсэн өдөр буюу бямба гаригаас эхлэн үйлдвэрчний эвлэл, бэлгийн цөөнх, иргэний эрхийг хамгаалах байгууллага зэрэг 150 гаруй бүлэг Вашингтон, Нью-Йорк, Бостон, Лос Анжелес болон бусад хотуудад эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна. Албаныхны мэдээлснээр Дональд Трамп, Элон Маскийн эсрэг орон даяар 1000 гаруй жагсаал, цуглаан зохион байгуулагдсан гэв.
Жагсагчид тавьж буй шаардлага нь Элон Маскийг Дональд Трампын засаг захиргааны бодлогод хөндлөнгөөс оролцохоо зогсоох, "Medicaid", нийгмийн даатгал болон сангуудыг танах, цагаачид, бэлгийн цөөнх болон нийгмийн бусад бүлгийн эрх ашгийг хөндөхөө зогсоохыг шаардаж буй. Мөн Дональд Трампын засаг захиргаа үр ашгийг дээшлүүлнэ гэх үндэслэлээр АНУ-ын төрийн үйлчилгээг бүрмөсөн устгаж байна гэж жагсагчид үзэж байна.
Жагсагчдын төлөөлөл хэлэхдээ, "Дональд Трампын эдийн засгийн бодлого болох импортын тариф нь иргэдийн нуруун дээрх ачааллыг нэмэгдүүлнэ" гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп импортын татварыг нэмэгдүүлж, худалдааны түншүүддээ харилцан татвар ногдуулж буй нь АНУ-ын бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, эдийн засгийн өсөлтийг сааруулна гэж шинжээчид үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ