УКРАИН ОХУ-ЫН КУРСК, БЕЛГОРОД МУЖИД ТУСГАЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

Украины Ерөнхийлөгч В.Зеленский ОХУ-ын Белгород болон Курск мужид Украины арми "тусгай ажиллагаа" явуулж байгааг баталлаа. Тэрээр Белгород болон Курск мужид явуулж буй "тусгай ажиллагааг" Украины хил орчмын хот, суурин газруудыг хамгаалах зорилготой гэдгээ тодотгосон байна. Украины цэргүүд одоогоос 8 сарын өмнө ОХУ-ын Курск мужийн бүс нутагт довтлон орсон бөгөөд өнөөг хүртэл зарим байршлаа хэвээр хамгаалж байна гэж В.Зеленский даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Харин ОХУ-ын хувьд Курск мужид алдсан газар нутгийнхаа дийлэнх хэсэгт хяналтаа эргүүлэн тогтоогоод буй. Гэвч Украины арми "тусгай ажиллагаа" явуулж ОХУ-ын Курск мужид дахин хяналт тогтоохоор урагшилж байна. В.Зеленскийн хувьд Украины 225-р штурмын хорооны гүйцэтгэлийг сайшааж, Донецкийн бүс дэх гол фронтын дарамтыг сулруулж байна хэмээн дүгнэсэн юм.
Орос-Украины цэргүүд хилийн орчимд дайтаж буй хэвээр байна. Ялангуяа Белгород мужид Орос-Украины дайн ширүүн өрнөж байгаа тухай Оросын цэргийн влогчид мэдээлжээ. Украины арми Белгород мужид анх удаагаа нэвтэрч байгаа бөгөөд тус мужид хяналтаа тогтоох оролдлого хийж байна гэжээ.
Өнгөрсөн ням гарагт ОХУ Украины Сумы муж дахь Басивка сууринг эзэлсэн хэмээн мэдээлсэн. Харин даваа гарагт Украины армийн зүгээс Басивка суурин одоогоор ОХУ-ын мэдэлд ороогүй хэмээн албан ёсоор мэдэгдэж, ОХУ-ын мэдээллийг няцаагаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ