АНУ ИРАНЫ ХООРОНД ДИПЛОМАТ ОРОН ЗАЙ НЭЭГДЭХ ҮҮ...

АНУ Ираны хооронд олон жилийн турш үргэлжилсэн хурцадмал харилцаанд ахиц гарч магадгүй байна. Талууд энэ сарын 12-ны бямба гарагт хоёр улсын элч төлөөлөгчид Оман улсад шууд бус хэлэлцээ хийхээр тохиролцсон тухай Ираны Гадаад харилцааны дэд сайд Аббас Арагчи албан ёсоор мэдэгдлээ.
“Энэ уулзалт боломж хийгээд сорилт" юм хэмээн Иран гадаад харилцааны дэд сайд Аббас Арагчи өөрийн цахим хуудаснаа онцолсон байна. Уг асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын 7-ны өдөр Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменейд захидал илгээж, шууд уулзалт хийх саналаа илэрхийлсэн.
АНУ-ын дэвшүүлсэн саналд Иран улс шууд хэлэлцээг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, харин гуравдагч улсын зуучлалаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа хариу илэрхийлжээ. Ираны хариу байр суурийг няцаахыг оролдсон Дональд Трамп гуравдугаар сарын 30-нд мэдэгдэл хийхдээ, "Хэрэв хоёр талын ойлголцолд хүрч чадахгүй бол Ираны эсрэг нэмэлт эдийн засгийн хориг, татварын дарамт хоёр долоо хоногийн дотор хэрэгжиж эхэлнэ" гэдгийг сануулсан юм. Хариуд нь Ираны дээд удирдагч Аятолла Аль Хаменей АНУ-ын сүрдүүлэгт автахгүй гэдгээ илэрхийлээд, дотоод тогтвортой байдалд нь халдах аливаа оролдлогыг Иран няцаах болно гэж анхааруулсан юм. Мөн Иран улс АНУ-ын болзошгүй довтолгооноос сэргийлэн цэргийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна.
Хэдийгээр талуудын байр суурь зөрөлдөөнтэй хэвээр байгаа ч, Иран, АНУ хоёрын хооронд дипломат орон зай нээгдэж эхэллээ хэмээн шинжээчид үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн Иран АНУ-ын хооронд “өндөр түвшний хэлэлцээ аль хэдийн эхэлсэ"н гэдгийг онцолсон юм. Гэвч тэрээр хэлэлцээний агуулгын талаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ