ШИ ЖИНЬПИНЫ ЖИНХЭНЭ СОРИЛТ ЮУ ВЭ...?

БНХАУ-ын эдийн засгийн сорилт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импортын татвар биш гэж шинжээчид үзэж байна. Ши Жиньпины хувьд АНУ-ын тавьж буй 145 хувийн татварын хариуд “Манай улс 70 гаруй жилийн турш өөрсдийн хүч хөдөлмөрөөр хөгжиж, бусдын тусламжаас хамааралтай байсангүй. Тиймээс бид ямар ч төрлийн дарамтаас айхгүй” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл дэлхийн хоёрдахь том эдийн засаг БНХАУ-ын гол сорилт нь юу вэ?
Энэ бол тус улсын дотоодын зах зээлд үүсээд буй 3 том сорилт буюу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал, ажилгүйдэл, хүн амын хөгшрөлт юм гэж шинжээчид харж байна. Тухайлбал БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл хямарснаар сүүлийн 5 жил орон сууцны үнэ болоод борлуулалт огцом буурчээ. БНХАУ-д энэ оны байдлаар 3 тэрбум хүнд хангалттай хүрэлцэх хэмжээний хоосон орон сууц байна. Тиймээс БНХАУ-ын хэмжээнд баригдсан байгаа хоосон орон сууцнуудыг тус улсын 1.4 тэрбум гаруй хүн ч дүүргэхгүй гэсэн үг. Энэ оны байдлаар орон сууцны үнэ 2.5 хувь буурна гэж “Reuters” мэдээлжээ.
БНХАУ-ын тэтгэвэрийн сан 2035 он гэхэд хоосрох магадлалтай байна. Учир нь тус улсын хүн амын хөгшрөл хурдацтай явагдаж байгаа бөгөөд залуу үе ялангуяа оюутнууд болоод шинэ төгсөгчдийн дунд ажилгүйдлийн түвшин өндөр хэвээр байна. 2023 оны наймдугаар сарын байдлаар 16-24 насны хотын залуусын 20%-иас илүү нь хувь нь ажилгүй гэх тооцоо гарсан байна. Мөн тус улсын залуучууд төрийн бодлогыг эсэргүүцэж жагсаал цуглаан хийх болсон ч БНХАУ-ын эрхбаригчид тэр дор дарах цензурдэх арга хэмжээ авсаар байна.
Тиймээс БНХАУ-д үүсэж буй жинхэнэ сорилт нь АНУ-ын импортын татвар биш. Харин дотоодын асуудал нь жинхэнэ сорилт болж байна. Үүнийг хэрхэн даван туулах нь Вашингтоноос бус Бээжингээс хамаарна гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ