АНУ ДАЙНЫГ ШИЙДВЭРЛЭХ 22 НӨХЦӨЛ ТАНИЛЦУУЛАВ

img

АНУ Украин дахь мөргөлдөөнийг шийдвэрлэх 22 нөхцөл танилцуулжээ. 

Тодруулбал, АНУ-ын төлөөлөгчид Лондонд болсон уулзалтын үеэр Орос- Украины дайныг энхийн замаар шийдвэрлэх зорилгоор 22 нөхцөл бүхий төлөвлөгөөг танилцуулсан байна. Уг төлөвлөгөөний талаар АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын Украины асуудал хариуцсан тусгай элч Кит Келлог мэдээлжээ.

Кит Келлог, “Fox News” телевизэд өгсөн ярилцлагадаа: “Би өнгөрсөн долоо хоногт Лондонд Украин болон Европын орнуудын төлөөлөгчидтэй уулзсан. Бид 22 тодорхой нөхцөлийг танилцуулсан бөгөөд тэдгээрийг хүлээн зөвшөөрсөн” хэмээн онцолсон байна.

Тус уулзалт нь анх дөрөвдүгээр сарын 23-нд Гадаад хэргийн сайд нарын түвшинд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан. Гэвч Их Британийн Засгийн газрын мэдээлснээр нэг хоногоор хойшлогдож, дипломат төлөөлөгчдийн хүрээнд болсон байна. 

Харин “The Daily Telegraph” сонинд мэдээлснээр, АНУ-ын төлөөлөгчид анх долоон заалт бүхий саналын багц танилцуулах байсан бөгөөд үүнд Крымийг ОХУ-ын бүрэлдэхүүнд хамаарах нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрөх хувилбар багтсан байжээ. Энэ нь Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тойрсон маргаанд Вашингтоны байр суурь зөөлөрч болзошгүйг илтгэж байна.

Мөн Ерөнхийлөгч  Дональд Трамп Украинтай холбоотой байр сууриа илэрхийлэхдээ: “Украин өмнө нь алдсан газар нутгаа, тэр дундаа Крымийг буцаан авахыг шаардах нь бодит байдлыг үл харгалзсан, үр дүнгүй алхам” хэмээн мэдэгдсэн юм.

Гэсэн хэдий ч АНУ-ын дэвшүүлсэн эдгээр нөхцөлд Украины тал албан ёсоор ямар байр суурь илэрхийлсэн нь тодорхой бус байгаа бөгөөд асуудлыг цаашид хэлэлцэх эсэх нь олон улсын анхааралыг татаж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ