АНУ БНХАУ "ХУДАЛДААНЫ ДАЙНЫГ" ЗОХИЦУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭХЛҮҮЛНЭ

img

АНУ болон БНХАУ-ын албаны төлөөлөгчид худалдааны зөрчлийг намжаах зорилгоор энэ долоо хоногт хэлэлцээ хийхээр тохиролцсон байна. Швейцарь улсад энэ сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү уулзалтад Хятадын талаас Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн оролцох бол АНУ-ын талаас Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир нар оролцохоор товложээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалдаа эргэн орсноос хойш Хятадын импортын бараанд 145 хүртэлх хувийн татвар ногдуулсан бөгөөд үүний хариуд Бээжин Америкийн зарим бараанд 125 хувийн татвар тогтоох шийдвэр гаргасан байна. Олон улсын шинжээчид хэлэлцээ удаан хугацаанд үргэлжлэх магадлалтайг онцолжээ.

Энэ удаагийн уулзалт нь Д.Трампын тангараг өргөх ёслолоос хойшхи хоёр улсын дээд түвшний анхны яриа хэлэлцээ байх болно. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлэхдээ, “Энэ нь томоохон худалдааны гэрээ байгуулах тухай биш, харин худалдааны маргааныг намжаахад чиглэсэн хэлэлцээ байх болно” гэж Fox News-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэлцээг үр дүнд хүргэхийн тулд АНУ дангаар авсан тарифын бодлого нь дэлхий дахинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг хүлээн зөвшөөрөх ёстой гэж мэдэгджээ. Түүнчлэн Хятадын төрийн хэвлэлд дурдсанаар, Бээжингийн засаг захиргаа улс орны ашиг сонирхол, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал, мөн Америкийн бизнес эрхлэгчдийн хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй хандах болно. Гэхдээ хэрэв АНУ худалдааны зөрчлийг үргэлжлүүлэхээр шийдсэн бол Хятад улс эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн гэдгийг мөн онцолсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ