ХХОАТ-аас чөлөөлөгдөхийн тулд гурван хүүхэдтэй байх шалгууртай

img

 

Монгол Улсын Засгийн газар “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, өнгөрсөн амралтын өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар олон нийтэд танилцуулсан. Энэхүү таван жилийн төлөвлөгөөнд нийгмийн тогтвортой хөгжил, гэр бүлийн орчны баталгааг бэхжүүлэх зорилго чухал байр суурь эзэлж буй.

Төрөлт бууралт, гэр бүлийн салалт нэмэгдэхийн шалтгаан нь эдийн засгийн дарамт, орлогын хүрэлцээгүй байдалтай нягт холбоотой гэж салбар яам дүгнэж байна.

Сүүлийн хорь гаруй жилд Монгол Улсад жилд дунджаар 70 мянга орчим хүүхэд мэндэлж байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо 50–60 мянга болж буурчээ. Энэ нь цаашид хүн амын өсөлт саарч, хөдөлмөрийн зах зээлд залуусын эзлэх хувь багасах, эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэх дохио юм.

Харин нэг гэр бүл дунджаар хоёр хүүхэдтэй болж, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх цөөнхөд тооцогдох болсон нь орлого, амьдралын өртөгтэй шууд холбоотой. Судалгаагаар хотын өрхийн дундаж орлого 2.5–3.2 сая төгрөг байгаа ч орон сууцны зээл, түрээс, сургууль, цэцэрлэгийн зардал, хүнсний үнийн өсөлтөөс шалтгаалан сарын цэвэр хуримтлал бараг тэгтэй дөхөж байгаа нь нууц биш. Т.Аубакир сайдын танилцуулснаар, шинээр боловсруулсан хуулийн төсөлд дараах татвар, нийгмийн хангамжийн хөшүүргийг тусгажээ.

  • 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн гишүүн нэгийг ХАОАТ-аас (хувь хүний орлогын албан татвар) чөлөөлөх
  • 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд орон сууцны зээлийн эрэмбийг урагшлуулах
  • Эрүүл мэндийн багц даатгалын хүрээнд гэр бүлийн хамтын үйлчилгээ үзүүлэх

Гэвч энэ бодлого хэр шударга, бодит амьдралд хэрэгжихүйц вэ?

Энгийн тооцоо хийвэл, дундаж гэр бүл анхны хүүхдээ 27–30 насандаа төрүүлж, хоёр дахь хүүхдээ хоёроос гурван жилийн дараа, гурав дахь хүүхдээ дахин гурван жилийн дараа төрүүлдэг жишиг бий. Энэ нь дор хаяж 9–10 жилийн хугацаанд үргэлжлэх процесс. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 20 гаруй насныхан татварын хөнгөлөлтийн бодит үр шимийг арван жилийн дараа л хүртэх болно.

Тэгвэл одоогийн эдийн засгийн нөхцөлд “одоо амьдралын зардлаа дийлэхгүй байгаа” залуу гэр бүлүүдийн хувьд энэ бодлого өнөөдрийн шийдэл биш, ирээдүйн найдвар болж хувирч байна.

Өнөөдөр Монголд хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 90 гаруй хувь нь ХАОАТ төлөгчид бөгөөд тэдний цалин татвар, НДШ, бусад шимтгэл хасагдаж байж гэр бүлийн амьжиргаагаа авч явдаг.
Хэрэв гурван хүүхэдтэй өрх татвараас чөлөөлөгдвөл, сар бүрийн бодит орлого 10–15 хувиар нэмэгдэх боломжтой. Гэвч хоёр хүүхэдтэй, эсвэл хүүхэдгүй хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хувьд энэ татварын ялгаварлал мэт санагдах нь мэдээж.

Нэг талаас, төр хүн ам зүйн бодлогоо дэмжиж, нөгөө талаас, өнөөдөр хоёр хүүхдээ арай ядан өсгөж буй өрхүүд “гурав дахь хүүхдээ төрүүлж байж л хөнгөлөлт эдэлнэ” гэсэн дарамтад орж болзошгүй л юм байна.

Гурван хүүхэдтэй айл татвараас чөлөөлөгдөх санаачилга  зорилго сайтай ч бодит эдийн засгийн орчин, өрхийн орлогын бүтцэд нийцсэн хөшүүрэг болж чадах эсэх нь эргэлзээ дагуулж буй.

Өнөөдөр айл бүрийн өмнө байгаа бодит үнэн бол “Өнөөдрийн орлогоороо маргааш хүүхдүүдээ яаж тэжээх вэ?” гэсэн асуудалтай нүүр тулж амьдарч байна. Энэ асуултад зөвхөн татварын хөнгөлөлт бус, ажлын байрны цалин, үнийн өсөлт, орон сууцны бодлого зэрэг ухаалаг цогц шийдэл шаардлагатай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ