Брижит Макроныг гүтгэсэн 10 хүнд ял оноов
Брижит Макроныг цахимаар доромжилсон 10 хүнийг гэм буруутайд тооцов
Францын тэргүүн хатагтай Брижит Макроныг цахим орчинд доромжилж, нэр төрд нь халдсан хэрэгт холбогдсон 10 хүний шүүх хурал болж, тэднийг гэм буруутайд тооцсон байна. Шүүхийн шийдвэрээр шүүгдэгчид Брижит Макроны хүйс, бэлгийн чиг хандлагын талаар худал мэдээлэл тараасан бөгөөд Ерөнхийлөгч Эммануэль Макронтой 24 насны зөрүүтэй байдлыг нь элэглэн, хоржоонтой үг хэллэг хэрэглэсэн нь тогтоогджээ.
Шүүгдэгчдийн олонхид нь найман сар хүртэлх хугацааны хорих ял оноосон бол шүүх хуралд ирээгүй нэг хүнийг шууд саатуулсан байна. Мөн зарим шүүгдэгчийн цахим хуудсыг идэвхгүй болгох шийдвэр гаргажээ.
Нийт 10 шүүгдэгчийн найм нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй байсан бөгөөд тэд цахим орчинд зориудаар доромжлол хийж, тэргүүн хатагтайн нэр хүндэд халдах зорилготой байсан гэж шүүгч дүгнэсэн байна.
Шүүгдэгчдийн дунд бие даасан сэтгүүлч Натача Рэй, төлгөч Амандин Рой нар багтжээ. Тэд 2024 онд “Францын тэргүүн хатагтай гэж хэзээ ч байгаагүй” хэмээн мэдэгдсэнийхээ төлөө ял авч байсан ч хожим давж заалдах шатны шүүхээс цагаатгагдсан юм. Давж заалдах шатны шүүх хэн нэгнийг хүйсээ сольсон гэж мэдэгдсэн нь заавал нэр төрд нь халдсан хэрэгт тооцогдохгүй гэсэн үндэслэл дэвшүүлсэн байна. Харин энэ удаад Ерөнхийлөгч Эммануэль Макрон, түүний гэргий Брижит Макрон нар уг хэргийг дахин сөхөж, давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа аж.
Брижит Макроны охин Тифайн Аузиер цахим дээрэлхэлт нь ээжийнх нь эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлсөн талаар мэдэгджээ. Түүний хэлснээр, Брижит Макрон хувцаслалт, биеэ авч явах байдалдаа илүү болгоомжтой хандах шаардлагатай болсон бөгөөд гадна төрхийг нь буруугаар ашиглах явдалд байнга өртдөг аж. Мөн ач, зээ нар нь сургууль дээрээ шоолуулдаг нь түүнд сэтгэл зүйн хувьд хүндээр тусдаг гэж онцолсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ