Ким Жон Ун охиноо ирээдүйн удирдагч болгох уу?

img

 

Сүүлийн жилүүдэд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охиноо олон нийтийн өмнө тогтмол дагуулж гарч ирэх болсон нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татсаар байна. Түүний охин Ким Жү Э анх 2022 онд тив алгасах баллистик пуужингийн туршилтын үеэр олон нийтэд ил гарсан. Үүнээс хойш цэргийн парад, пуужингийн туршилт, зэвсгийн үйлдвэр, флотын анги, агаарын хүчний сургуулилтад тогтмол дагалдах болсон.

Сүүлийн мэдээллүүдээр Ким Жон Ун охиноо дагуулан буудлагын болон цэргийн сургуулилтад оролцсон зураг, бичлэгийг төрийн мэдээллийн агентлаг KCNA нийтэлсэн байна. Зарим зураг дээр өсвөр насны охин мэргэн буудагчийн буу барьж буй мэт харагдсан нь “ирээдүйн удирдагчийг бэлтгэж байна уу?” гэсэн таамгийг дахин дэвэргэв.

Гэхдээ чухал нэг зүйл бол Хойд Солонгост залгамжлалын талаар албан ёсны мэдэгдэл хэзээ ч хийгдээгүй. Гэсэн ч улс төр судлаачид үүнийг стратегийн мессеж гэж тайлбарлаж байна. Нэгдүгээрт, Кимийн гэр бүлийн гурав дахь үе үргэлжилж буйг харуулах. Хоёрдугаарт, дэглэм урт хугацаанд тогтвортой оршино гэсэн дохио өгөх. Кимийн эцэг Ким Жон Ир болон өвөө Ким Ир Сен нар ч амьд ахуйдаа залгамжлагчаа олон нийтэд шат дараатай танилцуулж байсан түүхтэй.

Олон улсын хэвлэлүүд, тухайлбал Reuters болон BBC-ийн шинжээчдийн дүгнэлтээр Ким Жү Э-г сүүлийн үеийн мэдээнд “хүндэт охин” гэхээс гадна “эрхэмсэг охин” гэх илүү өндөр статустай хэллэгээр нэрлэх болсон нь протоколын хувьд ахиц гэж үзэж байна. Энэ нь энгийн гэр бүлийн оролцоо биш, харин улс төрийн бэлгэдэл байх магадлал өндөр.

Хойд Солонгосын улс төрийн соёлд цэрэгжилт төв байр суурь эзэлдэг. Тиймээс өсвөр наснаас нь цэргийн парад, буудлагын талбай, стратегийн зэвсгийн туршилтад дагуулан оролцуулах нь ирээдүйн удирдагчийн дүр төрхийг “хатуу самар”, армийн дэмжлэгтэй лидер байдлаар бүрдүүлэх нэг хэсэг гэж ажиглагчид үздэг. Гэхдээ түүнийг албан ёсоор залгамжлагч гэж зарласан баримт одоогоор байхгүй.

Түүнчлэн Хойд Солонгост улс төрийн залгамжлал зөвхөн гэр бүлийн асуудал биш. Нам, армийн дээд шатны элитүүдийн дэмжлэг шийдвэрлэх үүрэгтэй. Хэрэв охиныг үнэхээр залгамжлагчаар бэлтгэж байгаа бол түүнийг олон нийтийн арга хэмжээнд тогтмол оролцуулж, улс төрийн бэлгэдлийн төвд байршуулж буй өнөөгийн стратеги цаашид ч үргэлжлэх магадлалтай.

Иймээс “охиноо буудлагын сургуулилтад оролцууллаа” гэх мэдээлэл дан ганц гэр бүлийн зураглал биш, харин дэглэмийн ирээдүйн мессеж, залгамжлалын дохио байж болох юм. Одоогоор баттай шинэ зарлал гараагүй ч Кимийн охины олон нийтийн оролцоо нэмэгдэж буй нь бодит баримт хэвээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ