“Цалин” нэртэй 50 мянга

img

 

Монгол Улс хүн амын өсөлтөө төрийн бодлогынхоо төвд тавьж ирсэн орнуудын нэг. Гуравхан сая гаруй хүн амтай Монгол Улсын хувьд хүн амын өсөлт нь дан ганц демографийн асуудал биш, харин үндэсний хөгжлийн стратегийн чухал хүчин зүйл юм. Иймээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Алдарт эхийн одон” олгох уламжлал, бодлого олон арван жил үргэлжилж байна. Төрийн энэхүү шагналын утга агуулга нь тодорхой. Монголын ирээдүйг тээж яваа эхчүүдийг алдаршуулах, нийгэмд хүүхэд төрүүлэхийг дэмжих юм. Гэвч бодит амьдрал дээр энэ бодлого хэр бодит дэмжлэг болж байна вэ гэдэг асуулт улам хүчтэй тавигдаж эхэлжээ.

Ээжүүддээ олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээ сард ойролцоогоор 50 мянган төгрөг орчим байдаг. Үүнийгээ цалин гэж тодорхойлж буй. Гэвч эдийн засгийн бодит нөхцөлд энэ хэмжээний мөнгө нь амьжиргааны дэмжлэг байтугай, хүүхдийн өдөр тутмын наад захын хэрэглээг ч хангах боломжгүй мөнгө.

Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөгт хүрсэн байхад эхчүүдэд олгож буй энэ дэмжлэгийг “цалин” хэмээн нэрлэх нь тохуурхалтай биш гэж үү?

Монголд өрхийн хэрэглээний дундаж зардал жил бүр нэмэгдэж, инфляцийн нөлөөгөөр хүүхэд өсгөх өртөг тасралтгүй өссөөр байна. Нэг хүүхдийн живх, сүү, эм, нэмэлт тэжээлийн сар тутмын зардал хэдэн зуун мянган төгрөгт хүрдэг тухай хэрэглээний судалгаанууд ч бий. Ийм нөхцөлд 50 мянган төгрөг нь бодит дэмжлэг гэхээсээ илүү бэлгэдлийн шинжтэй тэтгэмж болж хувирсан.

Эхийн хөдөлмөр бол үнэлэгддэггүй хөдөлмөр

Нийгмийн судалгаанд “хөлсгүй хөдөлмөр” гэж нэрлэгддэг нэг том салбар бий. Энэ бол гэрийн ажил, хүүхэд асрах, ахмад настанд туслах зэрэг эдийн засгийн тооцоонд бүрэн тусгагддаггүй хөдөлмөр юм. Дэлхийн олон оронд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрийг мөнгөн дүнгээр тооцвол тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүний ихээхэн хувийг бүрдүүлэх боломжтой байдаг.

Монголын нөхцөлд ч хүүхэд асрах, гэр бүлийг тогтвортой байлгах, ирээдүйн ажиллах хүчийг өсгөх зэрэг үүргийг эхчүүд гүйцэтгэдэг. Гэвч төрийн бодлогын түвшинд энэ хөдөлмөр бодитоор үнэлэгдэхгүй хэвээр байна. 50 мянган төгрөгийн тэтгэмжийг “цалин” гэж нэрлэх нь энэ хөдөлмөрийн үнэ цэнийг илэрхийлэх бус, харин ч эсрэгээр нь үнэгүйдүүлж байгаа хэлбэр.

Монголд хүүхэд төрүүлсэн эхчүүдэд тодорхой хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгодог. Гэвч энэ хугацаа дууссаны дараа олон эхчүүд санхүүгийн бодит дарамттай нүүр тулдаг.

Судалгаануудын дүгнэлтээр бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн тодорхой хувь нь декретийн хугацаагаа бүрэн ашиглаж чадалгүй хүүхдээ нэг нас хүрэхээс өмнө зарим тохиолдолд 6–8 сартайд нь хүртэл ажилдаа эргэн орж байгаа нь нийтлэг үзэгдэл болсон байна. Энэ нь зөвхөн карьерь хөөхдөө биш харин санхүүгийн зайлшгүй шаардлага гардаг учраас эс хүссэн ч ийм шийдвэр гаргасаар байна. Эрүүл мэндийн зарим судалгаанд хүүхэд хэт эрт асаргаанаас гарснаар дархлаа сулрах, осол гэмтэл, анхаарал халамж дутмагдах эрсдэл нэмэгдэх магадлал байдаг гэж тэмдэглэсэн байдаг. Харамсалтай нь асаргааны нөхцөл дутмаг, эдийн засгийн дарамттай орчинд хүүхэд эрсдэлд орох тохиолдлууд бүртгэгдэж байсан нь нийгмийн бодлогын сул талыг илчилдэг.

Монгол Улс хүн амаа өсгөх зорилтыг төрийн бодлогод тусгасан хэвээр. Гэвч хүн амын өсөлтийг зөвхөн уриалга, шагнал, бэлгэдлээр дэмжих нь хангалтгүй гэдгийг олон улсын туршлага харуулж байна. Жишээлбэл, зарим өндөр хөгжилтэй орнууд хүүхэд асрах бодит мөнгөн тэтгэмж, эцэг, эхийн урт хугацааны чөлөө, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, татварын хөнгөлөлт зэрэг бодит эдийн засгийн механизм ашиглан төрөлтийг дэмждэг. Монголд харин уриалга ба бодит дэмжлэгийн хоорондын зай хэт хол байна гэж шүүмжлэх эдийн засагчид бий.

Эхчүүдэд “олон хүүхэд төрүүлж улс орныхоо хүн амыг өсгө” гэж уриалах нь амархан. Харин тэр хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэх бодит нөхцөлийг бүрдүүлэх нь илүү хүнд даалгавар юм. Хэрэв төр эхчүүдийн хөдөлмөрийг үнэхээр үнэлэхийг хүсвэл хүүхэд асрах тэтгэмжийг бодит амьжиргааны түвшинд хүргэх, эхийн хөдөлмөрийг эдийн засгийн бодлогын хүрээнд үнэлэх, бага насны хүүхэдтэй өрхүүдийн санхүүгийн ачааллыг бууруулах зэрэг бодлогын шинэчлэл шаардлагатай байна. Эс бөгөөс “Алдарт эх” хэмээх хүндэтгэлт нэрийн цаана санхүүгийн дарамттай, сонголтгүй үлдсэн эмэгтэйчүүдийн бодит амьдрал нуугдсаар байх болно. Хүн ам өсгөх бодлого нь уриа биш, бодит дэмжлэг дээр тогтдог байх учиртай. Харин өнөөдөр Монголын олон эхчүүдийн хувьд “цалин” нэртэй 50 мянган төгрөг энэ бодлогын хамгийн сул талыг илчилж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ