Хотын бүтээн байгуулалт хэний гарт орчихов?

img

 

Сүүлийн хэд хоног хотын том төслүүд тойрсон асуудал нэлээд буцалж эхэллээ. Ялангуяа АТГ-аас НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар болон Ш.Мөнхсайхан нарыг 48 цагийн хугацаатай саатуулсан мэдээлэл гарч ирснээр анхаарал татаж байна. Албан ёсны дэлгэрэнгүй тайлбар хараахан гараагүй байгаа ч асуудал нэлээд том мөнгөн дүнтэй, нийслэлийн томоохон бүтээн байгуулалттай холбоотой байж болзошгүй байна.

Дээрх хүмүүсийн хамтран эзэмшдэг “Професионалстрой” компани “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд 230 гаруй тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үүнийг сонгон шалгаруулалтгүй авсан байж магадгүй гэсэн хардлага яригдаж эхэлсэн. Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар бол тодорхой босго давсан төсөвтэй ажлууд заавал нээлттэй тендерээр явах ёстой. Харин энэ тохиолдолд хэрхэн сонгон шалгаруулалт хийгдсэн, үнэхээр тендер зарласан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа нь асуудлын гол зангилаа болж байна.

Нөгөө талд, энэ хэрэг ганц компанийн асуудлаас хальж, илүү том төсөл рүү холбогдож эхэлсэн нь анхаарал татаж байна. Тухайлбал, хотын орлогч дарга Т.Даваадалайн гэрт нэгжлэг хийж, өөрийг нь саатуулсан гэх мэдээлэл гарсан. Албан ёсоор батлагдаагүй ч түүнийг “Туулын хурдны зам” төслийн тендертэй холбоотой шалгаж байгаа гэх яриа хүчтэй явж байна. Энэ төсөл нь нийтдээ 2.3 их наяд төгрөгийн санхүүжилттэй, Улаанбаатар хотын сүүлийн жилүүдийн хамгийн том дэд бүтцийн ажлуудын нэг. Ийм хэмжээний төсөвтэй төслүүд дээр тендерийн ил тод байдал, ашиг сонирхлын зөрчил хамгийн их анхаарал татдаг.

Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар Т.Даваадалай нь эхнэрийнхээ компанитай холбоотойгоор уг төслийн санхүүжилтээс ашиг хүртсэн байж болзошгүй гэх хардлага хүртэл гарч ирээд байна. Хэрвээ энэ нь батлагдвал Монголын төрийн албан дахь авлигын сүлжээ, ашиг сонирхлын зөрчлийн томоохон кейс болж үлдэхээр байна.

Санхүүгийн урсгалын хувьд ч анхаарал татахуйц тоонууд яригдаж байна. Нийт 2.3 их наяд төгрөгийн төсөвтэй төслөөс эхний ээлжинд 621 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанид шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Энэ нь Монгол Улсын 2025 оны улсын төсвийн нийт зарлагын ойролцоогоор 3-4 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө ганц төслийн эхний санхүүжилтэд гарсан гэсэн үг. Цаашлаад энэ жил дахин ийм хэмжээний санхүүжилт олгоно гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн нь нийт санхүүжилтийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.

Улс төрийн түвшинд ч энэ асуудал өндрөө авчихсан. Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар анх уг төслийг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасан. Харин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир өмнө нь 7 хоног зогсоогоод үргэлжлүүлэх байр суурь илэрхийлж байсан нь Засаг хүртэл дотроо өөр өөр зүгт харчихаж. Эцэст нь Ерөнхий сайдын шийдвэрээр хууль хяналтын байгууллага шалгаж дуустал түр зогсоох чиглэл өгсөн нь одоогийн мөрдөн шалгах ажиллагаа эхлэх үндэс болсон гэж үзэж болно.

Ер нь Монголд томоохон дэд бүтцийн төслүүд дээр авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэл өндөр байдаг гэдгийг судалгаанууд харуулдаг. Жишээлбэл, Транспэрэнси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс сүүлийн жилүүдэд 100-аас 30-40 орчим оноо авч, дундаас доогуур үзүүлэлттэй хэвээр байна. Ялангуяа барилга, зам тээвэр, уул уурхайн салбарууд хамгийн өндөр эрсдэлтэй гэж дүгнэгддэг.

Одоо болж байгаа үйл явдлуудыг харвал, Нэгдүгээрт, тендерийн процесс үнэхээр ил тод явагдсан уу? Хоёрдугаарт, төсвийн мөнгө зах зээлийн үнэлгээнээс давсан, эсвэл хэт төвлөрсөн байдлаар зарцуулагдсан уу? Гуравдугаарт, төрийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор оролцсон эсэх.

Эдгээр асуултын хариу ойрын үед гарахгүй байх магадлалтай ч нийслэлийн томоохон төслүүд дээр хяналт шалгалт илүү чангарч, улс төр, бизнесийн холбоос ил гарч эхэлж байх шиг байна. Орхичихгүй бол... Хэрвээ энэ хэрэг бодит баримтаар батлагдвал зөвхөн хэдэн хүний асуудал биш, харин нийслэлийн бүтээн байгуулалтыг хэрхэн хөнжил дотроо наймаалцаж буйг харуулах асар том системийн гажуудал, олон нийтийн итгэлийг донсолгох хэмжээний ноцтой асуудал болж мэдэхээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ