Зуун жилийн настай "Бодлого"-уудын хариуг олсон Хятадын хоёр эрдэмтэн анх удаа математикийн Fields Medal дээд шагналыг хүртлээ
Хятад улсын математикчид болох Хон Ван, Юү Дэн нар АНУ-ын Жон Пардон, Канадын Жэсон Цимерман нарын хамт математикийн салбарын дэлхийн дээд шагналын эзнээр анх удаа тодорч, тус бүр 15,000 канад доллар ($10,500) хүртсэн байна.
Тэд сүүлийн 100 гаруй жил орон орны математикчдын толгойг гашилгаж байсан бодлогуудын хариуг олж чаджээ.
АНУ, Франц улсуудад багшилдаг 35 настай Ван энэ шагналыг хүртсэн гурав дахь эмэгтэй болсон байна.
Тэдний хүртсэн Fields Medal шагнал нь математикийн салбарын “Нобелийн шагнал” хэмээн үнэлэгддэг.
Хятадын төрийн төв хэвлэлүүд тус улсаас тодорсон анхны шагналтнуудын талаар өргөн хүрээнд мэдээлж, сурталчилж байна.
“Хятадын математикчдын хувьд энэ бол олон арван жилийн мөрөөдөл биелсэн том амжилт юм” гэж Fields Medal-ийг хүртэж байсан анхны хятад гаралтай эрдэмтэн Шин Тун Яү хэлжээ.
Ван өөрийн хамтран зүтгэгч Жош Залын хамт 1917 онд Японы математикч Сойчи Какеягийн дэвшүүлсэн бодлогын хариуг гаргасан юм байна.
Уг бодлого харандааг байран дээр нь бүтэн эргүүлэхэд хамгийн багадаа ямар хэмжээний талбай шаардлагатайг тооцоолох байжээ.
Ван, Зал нар харандааг хавтгай гадаргуу дээр биш, гурван хэмжээст орон зайд хөвж байгаа гэсэн төсөөллөөр талбайг тооцоолсон юм байна.
Чикагогийн их сургуулийн 37 настай профессор Дэн мөн зуу гаруй жилийн настай өөр нэг бодлогын хариуг олжээ.
1900 онд Германы математикч Дэвид Хилберт шингэн болон хийн хөдөлгөөн түүнийг бүрдүүлэгч бөөмсийн бие даасан хөдөлгөөнөөс хэрхэн хамаарахыг тооцоолох бодлого дэвшүүлж, үүнийгээ Хилбертийн Зургаа дахь Бодлого гэж нэрлэсэн байдаг.
Fields Medal шагналыг 40 хүртэл насны математикчдын дундаас онцгойрон шалгарсан хүмүүст дөрвөн жил тутамд олгодог юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ