Эстони улс Украинд байлдааны техник нийлүүлдэг үйлдвэрт гал тавьсан хэрэгт Оросын тусгай албадыг буруутгажээ
Мягмар гарагт Эстонийн эрх баригчид Украиныг цэргийн техник хэрэгслээр хангадаг батлан хамгаалахын компанийн үйлдвэрт наймдугаар сарын дундуур гарсан галыг Оросын аюулгүй байдлын албадын захиалсан хорлон сүйтгэх ажиллагаа байсан гэж дүгнэснээ зарлажээ.
Гадаад хэргийн сайд Маргус Цахкна "ийм үйлдлийг бид огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдээд Таллин дахь Оросын хэрэг эрхлэгчийг дуудан уулзахаар болсноо хэлсэн байна.
BNS агентлагийн мэдээлснээр наймдугаар сарын 15-ны шөнө Эстонийн нийслэл дэх "Milrem Robotics" компанийн ашигладаг барилгад гал гарсан ч богино хугацаанд хяналтад авч чаджээ. Наймдугаар сарын 17-нд хөрш Латви улсад хоёр латви хүнийг сэжигтнээр саатуулсан бол маргааш нь гурав дахь сэжигтнийг баривчилсан байна. Сэжигтнүүдийг Латвийн эрх баригчид Эстони улсад шилжүүлэн өгчээ.
"Milrem" компани нь Украинд "THEMIS" загварын жолоочгүй газрын тээврийн хэрэгслийг нийлүүлдэг юм.
Эстонийн дотоодын аюулаас хамгаалах алба уг галдан шатаах халдлагыг "Оросын аюулгүй байдлын албад захиалсан, санаатай бөгөөд урьдчилан төлөвлөсөн үйлдэл байсан" гэж дүгнэснээ мэдэгджээ.
Тус албаны мэдэгдэлд "Milrem-ийн эсрэг үйлдсэн халдлагын арга барил нь Оросын нэрийн өмнөөс Европт үйлдсэн бусад хорлон сүйтгэх ажиллагаануудтай ижил төстэй байсан" гээд "энэхүү халдлагыг ОХУ-тай шууд холбоотой гэж үзэж байна" хэмээн нэмж дүгнэсэн байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "ийм мэдэгдэл нь үндэслэлгүй, бодлогогүй, бодит байдлыг огт тусгаагүй бөгөөд ямар ч нотлох баримт агуулаагүй" гэж мэдэгджээ.
Песков цааш нь "Бид ийм мэдэгдлийг нухацтай хүлээж авах боломжгүй бөгөөд авах ч үгүй" гэж хэлсэн байна.
Украиныг дэмжих явдлыг сулруулах, Европын улс орнуудын тогтвортой байдлыг алдагдуулах зорилготой хорлон сүйтгэх болон үймээн самуун дэгдээх ажиллагааг Москва явуулж байгааг Өрнөдийн албаныхан олонтоо буруутгасаар ирсэн.
"Associated Press" агентлагийн тооцоолсноор 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Орос улс Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл үйлдсэнээс хойш Европ даяар Оростой холбоотой хорлон сүйтгэх үйл ажиллагааны 200 орчим тохиолдол бүртгэгджээ.
Үүнд агуулахуудыг галдан шатаах, дрон нисгэх, хилийн чанадад сөрөг хүчний хүмүүсийн амь насанд халдахыг оролдох, түүнчлэн батлан хамгаалахын технологийг хулгайлах, Европын амин чухал дэд бүтцүүдэд кибер халдлага явуулах зэрэг ажиллагаанууд багтаж байна.
Хамгийн сүүлд наймдугаар сарын эхээр Лейпциг/Халле нисэх буудалд дроноор халдахыг завдсан хэрэгт Оросын аюулаас хамгаалах албадыг буруутгаж байгаагаа Германы эрх баригчид зарласан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ