ХИЙН ТӨСӨЛ НИЙСЛЭЛИЙГ ӨРӨНД ОРУУЛАХ УУ?
Улаанбаатарын өвөл эхэлж, утаа нийслэлийн дээгүүр дахин нэгэнтээ бүрхэхтэй зэрэгцэн агаарын бохирдлыг бууруулах шинэ шийдэл яригдаж эхэллээ. Энэ удаад нүүрсний хэрэглээг байгалийн хийгээр орлуулах, хийн дулааны станц байгуулах тухай төсөл нийслэлийн түвшинд дэмжлэг авч, хэрэгжүүлэх эхний алхмаа хийлээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал арваннэгдүгээр сарын 13-нд Дэнжийн мянга дэд төвийн дулааны хэрэгцээг хангах “Байгалийн шингэрүүлсэн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн түншлэлийн гэрээг БНХАУ-ын “Тяньжинь Жунчан Барилга Инженеринг” компанитай байгуулах эрхийг 71 хувийн саналаар дэмжжээ.
Нүүрсний хэрэглээг бууруулна, үнс нурам гарахгүй, агаарын бохирдол багасна, 35 мянган өрхийг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Улаанбаатарын хувьд ийм шийдэл хэрэгтэй байгаа нь маргаангүй. Гэхдээ хийг яаж нийлүүлэх, ямар өртгөөр авах, станцын дулааны үнэ хэд байх гээд энэ бүхний төлбөрийг эцэст нь хэн төлөх вэ гэдэг асуулт хариултаа хүлээж байна.
207.9 тэрбум төгрөгийн төсөл
Төслийн нийт хөрөнгө оруулалт 207.9 тэрбум төгрөг. Үүний 75 тэрбум хүртэлх төгрөгийг нийслэл дотоодын зах зээлд үнэт цаас гаргах замаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Үлдсэн 132.9 тэрбум төгрөгийг хувийн хэвшлийн түншлэгч хариуцах нөхцөлтэй юм байна. Өөрөөр хэлбэл, хот эхний ээлжид 75 тэрбум төгрөгийн санхүүжилтийн үүрэг хүлээнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол нийслэлийн өрийн ачаалал, цаашдын санхүүгийн боломж, татвар төлөгчдийн мөнгөтэй холбоотой асуудал. Хувийн хэвшил үлдсэн хөрөнгө оруулалтыг гаргаж, барилга угсралт, хийн нийлүүлэлт, логистик, ашиглалтын эрсдэлийг хариуцахаар гэрээнд тусгасан гэх мэдээлэл бий. Төсөл өртгөө нөхөж чадахгүй бол яах вэ? хийн үнэ өсөж, нийлүүлэлт тасалдвал хэн хариуцах вэ?
Төслийн эхний үе шатанд 58 МВт-ын хүчин чадалтай хийн дулааны станц, шингэрүүлсэн байгалийн хий хүлээн авах, хадгалах, дахин хийжүүлэх байгууламж, 12 километр хий дамжуулах шугам барихаар төлөвлөжээ. Дараагийн шатанд станцын хүчин чадлыг 93 МВт хүртэл нэмэгдүүлэх аж. Төслийг хэрэгжүүлснээр жилд 22-36 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг орлож, нарийн ширхэгт тоосонцор PM2.5-ыг 60.5 хувиар бууруулах тооцоо танилцуулсан байна. Гэхдээ тооцоолсон үр дүн бодит амьдрал дээр хэрхэн биелэх нь түлшний үнэ, нийлүүлэлт, ашиглалтын зардлаас шууд хамаарна. Байгалийн хий нүүрснээс цэвэр шатдаг нь үнэн. Гэхдээ заавал хямд дулаан үйлдвэрлэнэ гэж төсөөлж болохгүй юм. Хийг тээвэрлэнэ, хадгална, хөргөнө, дахин хийжүүлнэ гээд ажиллагаа бүр зардалтай. Тэгэхээр өнөөдөр бид агаарын бохирдлыг бууруулахын тулд хийн станц барих тухай ярьж байгаа ч маргааш иргэдийн төлөх дулааны үнэ хэд болохыг мэдэхгүй байна. Хэрэв нүүрснээс хамаагүй өндөр өртөгтэй дулаан үйлдвэрлэвэл зөрүүг хэн нөхөх вэ? Нийслэл татаас өгөх үү, эсвэл хэрэглэгчдийн төлбөрт шингээх үү? Утааг бууруулсан ч иргэдийнхээ нуруун дээр ачаалал үүрүүлээд байж болохгүй л байх.
Хийн нийлүүлэлт тасарвал Улаанбаатар яах вэ?
Энэ төслийн хамгийн эмзэг асуудлын нэг бол түлшний хангамж. Монгол Улс байгалийн хийн үйлдвэрлэгч биш. Иймээс гаднын нийлүүлэлт, тээвэрлэлтээс хамаарах нь тодорхой. Төслийн танилцуулгад эхний хоёр жилийн хийн нийлүүлэлтийг ОХУ-аас авах тухай мэдээлэл дурдагджээ. Бид нэг төрлийн түлшнээс хамааралтай байдлаа багасгах гэж байгаад өөр нэг төрлийн түлшний импортын хамааралд орох юм биш биз? Тээврийн маршрут хаагдах, нийлүүлэгч талын бодлого өөрчлөгдөх, олон улсын нөхцөл байдал хүндрэхэд Улаанбаатарын дулаан хангамж ямар нөөц хувилбартай байх вэ? гэдэг нь нийслэлийн эрчим хүчний аюулгүй байдлыг бодож байгаа хэн бүхний тавих ёстой асуулт юм. Байгалийн хий бол зохих технологи, стандартын дагуу ашиглавал үр ашигтай түлш. Гэхдээ аюулгүй ажиллагааны өндөр шаардлагатай. Хадгалах байгууламж, хийжүүлэх төхөөрөмж, дамжуулах шугам, тээвэрлэлтийн үе шат бүрт нарийн хяналт шаардлагатайг мэргэжлийн хүмүүс ярьдаг. Төслийн хүрээнд Цагаандаваанд хоёр мянган шоо метр багтаамжтай шингэрүүлсэн хий хадгалах байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн хийг 17 тоннын багтаамжтай танк контейнерээр тээвэрлэх талаар хэлэлцүүлгийн үеэр мэдээлжээ. Энэ төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ дунд эрсдэлтэй гарсан тухай мэдээлэл бий. Харин нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг 2027 оны хоёрдугаар сард гаргахаар төлөвлөсөн гэх мэдээлэл ч байна. Тэгвэл гэрээ байгуулах шийдвэр гарч байгаа энэ үед нарийвчилсан үнэлгээний үр дүн, аюулгүй ажиллагааны бүх нөхцөл бүрэн тодорхой болсон уу гэдэг асуулт зайлшгүй тавигдана. Иргэдийн амьдрах орчинд нөлөөлөх томоохон байгууламжийг эхлээд шийдээд, дараа нь эрсдэлийг нь хардаг байж боломгүй. Тендерийн санал хүлээн авах эцсийн хугацаанд “Тяньжинь Жунчан Барилга Инженеринг” компани л материалаа ирүүлсэн тухай мэдээлжээ. 207.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай, нийслэлийн санхүүжилт оролцож байгаа ийм хэмжээний төсөлд өрсөлдөөн хэр байсан, бусад компани яагаад оролцоогүй, сонгогдсон түншлэгчийн санхүүгийн чадавх, техникийн туршлага, хариуцлагын баталгаа ямар байгааг олон нийт мэдэх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг нь төрийн мөнгөөр хувийн компани ажил хийлгэх төдий асуудал биш. Энэ бол нийтийн хөрөнгө, хувийн хөрөнгө, урт хугацааны хариуцлагыг нэгтгэж байгаа хэлбэр. Тиймээс гэрээний гол нөхцөл, санхүүгийн тооцоо, хийн нийлүүлэлтийн үнэ, дулаан үйлдвэрлэх нэгжийн өртөг, эрсдэлийн хуваарилалт зэргийг нээлттэй болгох нь нийслэлийн удирдлагуудын хийх ёстой ажил.
Улаанбаатарын иргэд утаанд дасах ёсгүй. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодож, өвөл бүр цонхоо хааж, маск зүүж, амьсгалах цэвэр агаарыг мөрөөдөж амьдрах ёсгүй. Тиймээс нүүрсний хэрэглээг бууруулж, хийн түлш зэрэг шинэ технологи нэвтрүүлэхийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ нийслэлийн эрх баригчид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Утаанаас залхсан иргэдийн хүсэл эрмэлзлийг ашиглаад ямар ч үнээр хамаагүй төсөл хэрэгжүүлж болохгүй. Хийн станц найдвартай ажиллаж, дулааныг боломжийн үнээр үйлдвэрлэж, агаарын бохирдлыг бодитоор бууруулж, нийслэлийн санхүү дээр шинэ дарамт үүсгэхгүй байх нь л чухал. Утааг бууруулах нэрээр нийслэл шинэ өрөнд орох ёсгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ