Зеленский Трамп, Маскаас Starlink-ийн хязгаарлалтыг цуцлахыг уриалав

img

 

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ хэт удаан ажиллаж эхэлсэн нь Оросын халдлагыг зогсоох Украины чадавхад сөргөөр нөлөөлж байгааг ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгджээ.

"Бид эдгээр хязгаарлалтыг цуцална гэдэгт найдаж байна. Өвлийн улирал эхлэхийн өмнө хүмүүсийн ​​амь нас болон Украины эрчим хүчний дэд бүтцийг хамгаалах асуудал үүнээс шууд хамаарах болно" гэж тэр Ням гарагт хэлсэн байна.

Илон Маскийн эзэмшдэг, АНУ-ын засгийн газраас Украинд нийлүүлсэн цэргийн зориулалттай Starlink үйлчилгээ болох Starshield системийн хурдтай холбоотой асуудал сүүлийн хэдэн долоо хоногийн турш үргэлжилсээр байгаа юм.

Зеленский өөрийн албаны хүмүүст АНУ-ын засаг захиргаа болон Маскийн компанитай "аль болох нягт хамтран ажиллахыг" үүрэг болгосноо мэдэгдээд "Түүхийн зөв талд зогсох нь чухал" болохыг онцолсон байна.

Украин улс байлдааны талбар дахь харилцаа холбоондоо энгийн Starlink үйлчилгээг ашигладаг бол Украины агаарын орон зайд пуужин, нисгэгчгүй онгоцыг (дрон) устгах, саатуулахад Starshield системийг ашигладаг.

Хурдны хязгаарлалттай холбоотой асуудал анх аравдугаар сард гарсан бөгөөд үүний шалтгааны талаар Илон Маск болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын тайлбар зөрж байв.

Starshield системийг АНУ-ын засгийн газар хянадаг тул тэд хариуцах ёстой гэж Маск мэдэгдсэн бол Трамп үүнийг үгүйсгэж, тэрбумтан эзэнд нь "бүх зүйлийг хэвийн байдалд нь оруулахыг" хүссэн гэж ярьж байжээ.

Нэг долоо хоногийн дараа байдал хэвийн болох шинжтэй байсан ч Украины тал сүүлд хязгаарлалтууд хэвээр үргэлжилсээр байгааг мэдэгдэж байсан юм.

Харилцаа холбооны энэхүү доголдол нь Зеленский болон Трамп нарын хооронд үүссэн Украины зүгээс Оросын нутаг дэвсгэр дэх газрын тосны дэд бүтцэд цохилт өгөхтэй холбоотой хурцадмал байдалтай давхцаж байлаа.

Киевийн зүгээс Москвагийн дайны санхүүжилтийн гол эх үүсвэрийг таслан зогсооход чухал ач холбогдолтой гэж үзэж буй Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн цохилтууд нь дэлхийн зах зээлд үнийг өсгөхөд хүргэсэн гэж Трамп үзэж байв.

Ням гарагт Зеленский "фронтын шугам болон түр эзлэгдсэн газар нутгуудад Starshield терминалуудын ажиллах хурдад тавьсан хязгаарлалт хэвээр байгаа" тул Украин улс өөрийнх нь эрчим хүчний дэд бүтцийг чиглэсэн Оросын тийрэлтэт хөдөлгүүртэй дронуудыг устгахад хүндрэлтэй тулгарч байгааг мэдэгджээ.

“Манай устгагч дронууд 161 км/цаг хурдлах үедээ оператортой холбоо тасарч байгаа тул Оросын тийрэлтэт хөдөлгүүртэй дронуудыг барьж чадахгүй байна” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.

Баасан гарагт Зеленский хэлэхдээ өнгөрсөн Даваа гарагаас эхлэн сүлжээнд ойролцоогоор 160 км/цаг хүртэл хурдны хязгаарлалт тогтсон, гэхдээ энэ нь Украины бүх нутаг дэвсгэрт биш, зөвхөн Оросын эзэлсэн газар нутгуудад үйлчилж байгааг тайлбарлаж байлаа.

"Энэ нь улс төрийн үр дагавартай. Хэрэв та тэнд хязгаарлалт тогтоож байгаа бол түр эзлэгдсэн газар нутгийг биднийх биш гэдгийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч байна гэсэн үг" хэмээн түүний хэлснийг Нью-Йорк Таймс сонин уламжилсан байна.

Мөн Украин улс Оросын пуужингаас хамгаалахад ашигладаг АНУ-д үйлдвэрлэсэн Patriot системийн пуужингуудын хомсдолд орсон бөгөөд Оросын тал үүнийг нь ашиглан тус улсын дэд бүтцийн байгууламжуудыг чиглэсэн цохилтоо эрчимжүүлээд байгаа.

Украины талын мэдээлснээр Ням гарагийн шөнө болон өглөө Орос улс Запорожье, Сумы, Одесса, Житомир, Кировоград мужууд дахь эрчим хүчний дэд бүтцүүдэд довтолжээ.

Түүнчлэн Днепр, Харьков, Запорожье мужуудын төмөр замын дэд бүтцэд ч бас довтолсон байна. Эдгээр халдлагуудын улмаас олон хүн шархаджээ.

Чернигов мужийн Мена хотын дэд бүтцийн байгууламжид довтолсны улмаас хоёр хүн амиа алдсаныг гэж тус мужийн захирагч Вячеслав Чаус мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Оросын нутаг дэвсгэрийн гүнд Украины цохилтууд бас үргэлжилсээр байлаа.

Тухайлбал Украин улс Оросын төв хэсэгт орших Нижнекамск хотын нефть-химийн үйлдвэр болон газрын тос боловсруулах үйлдвэрт довтолсноо мэдэгджээ.

Украины цэргийнхэн энэ талаар "Арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Украины батлан ​​хамгаалах хүчний ангиудын цохилт Татарстан дахь Нижнекамск хотод хүрсэн. Оросын дайныг түүхий эд, түлшээр хангадаг хоёр үйлдвэр халдлагад өртлөө” гэж Телеграм сувгаараа мэдээлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ