М.Батбаатар: Сайн ажиллавал жилдээ 10 мянган өрхийг орон сууцанд оруулах боломжтой

img

Манай сайтын "Шууд чат" булангийн энэ удаагийн зочноор “Монголын барилгачдын холбоо”-ны ерөнхийлөгч М.Батбаатар оролцож уншигчдын асуултад хариуллаа. -100 мянган айлын орон сууц хөтөлбөрт одоогоор хэчнээн барилгын компани хамрагдаад байгаа вэ? -Хүсэлтээ гаргасан 300 орчим компани байгаа. Тэдгээрийн дотор өөрсдөө хөрөнгөө гаргаж, өөрт байгаа газраа ашиглаж барилга баръя гэсэн 64 компани бий. Үүнийг Засгийн газар бүртгэсэн байгаа. -Одоо дахиад барилгын компаниудыг бүртгэж байгаа юм билээ. Энэ бүртгэлд барилгын компаниуд жигд хамрагдаж чадаж байна уу? -Нийлүүлэлт бага байгаа учраас өөрөө газартай, зураг төслөө бэлэн болгосон компаниудыг хамруулахаар болсон. Үүний дараа  Буянт-Ухаа, Радио телевиз, Яармаг зэрэг улсын төсвөөс гарган барих барилгууд дээр гүйцэтгэгч компаниуд олноор өрсөлдөнө байх. -Газар чөлөөлөх асуудал ямар төвшинд байгаа вэ? -Өнгөрсөн онд 20 тэрбум төгрөг зарцуулж, шугам сүлжээн дээр байгаа айлуудыг чөлөөлсөн. Телевизийн орчимд дулааны болон бусад шугам сүлжээн дээр байралсан айлуудтай “Дэрэн”, “Аж трейд” зэрэг  гурван компанийг тохиролцож байшин барих эрхийг нь Засгийн газраас өгсөн. Ийм хэлбэрээр туршиж үзэж байна. Газар чөлөөлөх асуудал энэ онд үргэлжилнэ. -Жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр орон сууцанд орохыг хүссэн иргэд юуны түрүүнд 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдсан гүйцэтгэл нь 50 хувиас дээш хэмжээнд хүрсэн орон сууцнаас сонголтоо хийх хэрэгтэй юм билээ. Одоогоор ийм хэчнээн барилга байна вэ? -Хамгийн сүүлийн мэдээгээр 2500 орчим айлын сууц 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй барилга байна. -100 айлын орон сууцнаас энэ онд хэчнээн орон сууц баригдах вэ? -7500 төлөвлөж байгаа. -Барилгын чанарын асуудал ихээр хөндөгдөнө байх. Барилгын салбарын хямралын үед баригдаж олон жил борлуулагдаагүй барилгуудыг ихээр шахах, чанаргүй барилгуудыг иргэдэд олгох асуудал гарна гэсэн хардлага байна? -Одоо тийм барилга цөөрсөн. Төрийн албан хаагчдын 4000 хамруулаад нэлээд цөөрсөн. -100 мянган айлын орон сууцны чанарын хувьд? -Чанарын хувьд мэргэжлийн хяналтын байгууллага байнга шалгаж байгаа. Одоогоор хийц энэ тэр дээр гарсан зөрчил байхгүй. Өөрөөр хэлбэл, ноцтой газар хөдлөлт энэ тэрд тэсэхгүй эсвэл хийц нь гэмтсэн зөрчил гараагүй. Харин сантехник ч юм уу тийм зүйлс дээр асуудал гарсан удаа бий. -Барилгын үнэ харилцан адилгүй байна.  100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдаж буй барилгуудыг зохистой үнэ баримтлах бодлого бий юу? -Засгийн газар ч энэ талаар бодлого боловсруулж байгаа. Барилгын холбоо, Үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагууд үнийн асуудал дээр судалгаа хийж байна. Барилгын өөрийн өртөг хэд байх вэ. Худалдан борлуулах үнэ нь ямар байх талаархи энэ судалгаагаа бид Засгийн газарт өгнө. Үүний дагуу Засгийн газраас тогтоол шийдвэр гарна байх. Орон сууцны барилгын метр квадратын үнэ дунджаар хэд байна вэ. Баталгаатай үнэ хэлж өгөөч? -Барилга барьж буй өөрийн өртөг нь метр квадратын талбайн   үнэ 550-700 мянган төгрөг  байна.  Энэ бол монголын барилгачдын орон сууц барьж буй өртөг. Харин зах зээлд худалдагдаж байгаа үнэ нь 1800 мянган төгрөг болоод байна. Эдгээр хүмүүсийг буруутгаж болохгүй. Учир нь газраа өөрсдөө худалдан авч барилгаа барьсан. -Таны хэлж буйгаар бол 50 сая төгрөгт багтааж иргэд байр авч болно гэсэн үг үү. Зөрүү мөнгө төлөхгүй юу? -Засгийн газрын шийдвэрт тодорхой тусгасан шүү дээ. 1-3 өрөө байрыг  50 сая төгрөгийн зээлд багтаан олгоно.  Өөрөөр хэлбэл метр квадрат талбайн 850 мянган төгрөгөөс нэг  саяын  хооронд өртөгтэй байр худалдан авна гэсэн үг. Мэдээж  Засгийн газраар хувийн хэвшлийнхэн Үйлдвэрчний эвлэл, Барилгачдын  холбоо хооронд хэлэлцээр байгуулж байж шийдэгдэнэ. Түүнээс биш нэг хувийн хэвшлийн компани дуртай үнээ хэлж иргэдэд хөнгөлттэй зээлээр худалдана гэсэн ойлголт байхгүй. Заавал зөвшилцөлд хүрнэ. -Барилгын метр квадратын үнэ дунджаар хэд байхыг баталгаатай хэлж өгөөч. Одоо хөөцөлдвөл таны хэлж байгаа үнээр байр олдох болов уу. Чанарын асуудалд сайн анхаарна биз дээ? -Цаашдаа үнэ буурна. Нийлүүлэлт сайн болоод ирэхээр  үнэ буурах нь тодорхой. Төрийн зохицуулалтаар зохицуулахаар нэг метр квадрат нь 850-1,000,000 төгрөгийн хооронд барих санаатай байгаа. Барилгачдын хүсэл сонирхол ч, ард түмний хүсэл сонирхол ч Засгийн газрынхтай нийлж байгаа. -Газрын авилгын асуудал барилгын үнэд маш их нөлөөлдөг учраас үнэ өсөх шалтгаан болдог гэж иргэд ярьж байна. Энэ талаарх таны бодол? -Ер нь бол тийм тал байсан. Засгийн газрын хөтөлбөрт орсон барилгын үнэд газрын үнэ багтаагүй учраас ханшинд нь нөлөөлөхгүй. Буянт ухаа, Шинэ яармаг, Долдугаар хороолол, телевизийн орчим гэсэн газруудад баригдах орон сууцны  газрыг нь дэд бүтцийнх нь хөрөнгө оуулалтыг  төр  хариуцаж байгаа учир газрын наймаа явагдахгүй. -Иргэд 50 саяас илүү гарсан мөнгөө манайд тушаа гэсэн шаардлага барилгын компаниуд тавьж байна. Жишээ нь 70 саяын  өртөгтэй байрыг худалдан авахад зөрүү 20 сая төгрөгөө барилгын компанид төлөх болж байна уу? - Засгийн газраас барьж буй бодлого бол  бага дунд орлоготой айл өрхийг орон сууцжуулах. Тэгэхээр 6 хувийн хүүтэй орон сууцын зээлд хамрагдах иргэд дээд тал нь 55 м/кв  хүртэл талбайтай  1-3 өрөө байрыг худалдан авахыг санал болгож байгаа юм. Хэрэв иргэд  худалдан авах чадамжтай бол 100 м/кв   хэмжээтэй байр худалдаж авах хүсэлтэй бол зөрүүгээ өөрөө төлж болно гэсэн. -Ямар ч байсан эхний ээлжинд байрны зээлд хамрагдах хүмүүс 50 сая төгрөгт багтаан 1-3 өрөө байрыг авна гэж ойлгож болох уу? -Тийм.  Засгийн газраас бага дунд орлоготой өрхүүдийг орон сууцжуулах зорилготой хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь энэ юм. Орон сууц  барих гээд байдаг. Гэтэл барилгын материалын үйлдвэр бараг байхгүй. Хятадаас импортоор өндөр үнэтэй барилгын материалаа зөөгөөд  байх хэрэг үү? -Барилгын үнэ их хэмжээгээр нэмэгдэхээр барилгын материалын үнийн өсөлтөөс болж байгаа гэсэн мэдээлэл их байна. Мэргэжлийн байгууллагынхан барилгын материалын импортод судалгаа хийхэд 10-15 хувь өссөн байна гэдэг. Тэгэхээр барилгын материалын үнийн өсөлтөөс болж үнэ өсч байна гэдэг өрөөсгөл ойлголт. Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Инноваци хөгжлийн хороонд би гишүүнээр ажилладаг. 2021 он хүртэл хөгжүүлэх үндэсний стратегийг баталсан. Үүнд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж 70  хувийг хангах зорилго тавьсан. Дахин хэлэхэд хоёр хөрш орны хэмжээнд барилгын материалын үнийн өсөлт тэгж их хэлбэлзэхгүй тогтвортой байгаа. Манайд л тэр барилгын материал орж ирсэн хойноо ингэж өсөөд байгаа хэрэг. -Үнийн өсөлтийг барилгын компаниуд  хөөрөгдөөд байна гэсэн үг үү? -Шууд   тэгж хэлж болохгүй. Хөрөнгө оруулагч гэдэг зүйл манайд бий болсон. Тэд газар аваад барилга бариулаад худалддаг, барилга аваад борлуулдаг ченжүүд гэж бий болсон. Тэд л үнэ ханш тогтоож байна. Барилгын үнийг барилгачид хөөрөгдөөгүй. Энэ жишээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас  Хилчин хотхоны барьсан орон сууцнаас татаж болно. Нэг метр квадратын үнийг 550-750 мянган төгрөгөөр бариад, улсын комиссоор өндөр чанартай гэж батлуулаад албан хаагчдадаа өгчихлөө. Эндээс харахад орон сууцыг ийм хэмжээний өртгөөр барих боломж байгаа гэсэн үг. Тэгэхээр барилгын өөрийн өртөг 15-20 хувиар өссөнөөс  сая төгрөг давж гараагүй л байгаа шүү дээ. Одоо баригдсан  барилгуудын метр квадратын үнэ өндөр байна. Энэ өндөр ханштай, жишээлбэл  нэг сая 500 мянган төгрөгийн байрыг авах нь зөв үү? -Баригдсан байшингийн үнийн зохицуулалтыг яаж хийхийг мэдэхгүй. Харин тэр хүн байраа хурдан зарахын тулд талбайнхаа үнийг бууруулж өгвөл болох байх. Түүнээс биш хүмүүсийн амаар 100 саяар өгүүлнэ гэж байхгүй. Иргэд өөрсдөө гүйж очоод аманд нь унаад байна. -Таны хэлж байгаагаар одоо өндөр ханштай байрыг авах гэж яарах хэрэггүй гэсэн үг үү? -Нэгдүгээрт  55 м2-ынхаа хэмжээнд тохирсон байраа сонго. Тэгээд ОССК дээр очих хэрэгтэй. Тэндээс тодорхой үнэ хэлнэ. Засгийн газрын нөхцөлийг тавих байх. Ямар нэг хөнгөлөлт эдлүүлэх талаар оролдлого хийнэ. Засгийн газрын тогтоолдоо баригдаад байж байх хэрэгтэй. Хэлцэл зөвшилцөл явагдаж байгаа болохоор сонголтоо хийгээд байж байхад гэмгүй. Гэхдээ л ер нь өндөр ханштай орон сууц авах гэж уралдаж, яарах хэрэггүй болов уу гэж зөвлөмөөр байна. Хүн хүний л сонголт л доо. Төсөлд хамрагдаж байгаа байрны үнэ хэд вэ.  Байршлаасаа хамаарч үнэ нь өөр байх уу. Манайх одоогоор 7-р хороололд баригдах газарт амьдардаг. Би энэ газартаа зээлд хамрагдах боломжтой юу? -Дөлгөөн нуурын ар  талд 100 айлын барилгын матералын дэлгүүрийн ойролцоо амьдарч буй оршин суугчид орон сууцны зээлд эхний ээлжинд хамрагдана.  -  13-р хороололд баригдаж байгаа 25 айлын орон сууц яагаад хөнгөлттэй зээлийн орон сууцны жагсаалтад байхгүй байгаа юм бол оо. Гүйцэтгэл нь 70 хувьтай? -Захиалагч нараас шалтгаална. Захиалагч өөрөө бичиг баримтаа дутуу өгсөн ч байж болно.  Юуны өмнө таныг  захиалга өгсөн компанийнхаа удирдлагатай уулз гэж хэлье. -Хөтөлбөрт багтсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалт албан ёсоор эцсийн байдлаар хэзээ гарах вэ? -Хотын захиргааны 13 давхарт очоод үзвэл анх хөтөлбөр батлагдахад гаргасан жагсаалт байршуулсан байгаа. Эхний ээлжинд ашиглалт оруулах, барилгажуулах газруудыг зарлаад байгаа. Мөн эхний ээлжинд 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй барилгуудыг хамруулахаар болсон. Тэр бүгдийг сонгоод сар бүр  ЗТБХБЯ-ны  Барилгын мэдээ гэх  сар бүр гадаг сэтгүүлд  зарлаж байгаа. -Бага дунд орлоготой иргэд хэзээ орон сууцандаа орох вэ? -Их яарсан нь энэ ондоо багтаад орох байх. Эхний ээлжинд 2500 айлын орон сууцны тендер зарласан. Тэгэхээр энэ ондоо эхний ээлжинд  ашиглалтад орно. Тавдугаар сараас ажил нь эхлэх юм. Ард түмэн яаралгүй хүлээж байгаад Долдугаар хороолол, Шинэ яармаг хорооллыг барихыг хүлээж байгаад хамрагдах хэрэгтэй. Өнөөдөр орон сууцжуулах талаар хүн бүр ярьж санаа тавьж байгаа болохоор 100 мянган айл орон сууцны хөтөлбөр хурдан хэрэгжих байх. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа иргэдийн эхний зээл ирэх сарын 26-нд олгогдоно гэсэн. Эхний ээлжинд байрандаа орох гэж байгаа иргэд  орон сууцаа сонгох боломжтой ашиглалтад орсон, удахгүй орох гэж байгаа хэчнээн барилга байна вэ? -Бэлэн болсон 2500 гаруй айлын орон сууц байгаа. Орон сууц санхүүжилтийн корпорациар дамжуулан эдгээр барилгуудтай холбогдох хэрэгтэй. -100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн санхүүжилт нь Хөгжлийн банкаар дамжуулан барилгын компаниудад хүрнэ. Төсөв санхүүгийн асуудлаас үүдээд эхлэж авсан нь хожиж, сүүлд авах гэсэн нь болохгүй гэсэн зүйлс иргэдийн дунд яригдаж байна? -100 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөр цэцэрлэг, сургууль гээд цогцоор нь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд Хөгжлийн банкны оролцоо хэрэгтэй. Энэ байгууллага мөнгө гаргадаг биш зөвхөн баталгаа гаргадаг байгаасай гэж хүсэж байгаасай гэж барилгачид бид хүсэж байна. Гадаадын компаниуд энд оролцох хүсэлт гаргаж байна. Бид өмнө нь гаднаас зээл авъя гэхээр Засгийн газар, Сангийн яам, Монголбанкнаасаа баталгаа аваад ир гэдэг байсан. Энэ нь тэр бүр олдохгүй. Одоо энэ бүх эрхийг Хөгжлийн банкинд олгосон. Гэхдээ Хөгжлийн банк энэ асуудал дээр удаан хойрго хандаж байна. Энэ нь барилгын компаниудыг дэмжих маш сайн дэмжлэг болж байна. Гэхдээ ард иргэд мөнгөө үүрчихээд уралдаж гүйгээд, яарч тэвдэж өндөр ханштай, ченжүүдийн үнэ хөөрөгдсөн орон сууц руу яарах хэрэггүй болов уу.  Эргээд өөрсдөд нь ч л хэцүү. Барилгын компани бол ашгаа аваад л үлдэнэ. Нэг жилийн дотор хичнээн айл өрхийг орон сууцаар хангах боломжтой вэ? -Төлөвлөгөөний дагуу сайн ажиллавал жилдээ 10 мянган өрхийг орон сууцанд оруулах боломжтой. Энэ тоо бол хамгийн багаар тооцож байгаа тооцоолол -Барилгын чанар их чухал. Энэ тал дээр хэрхэн хяналт тавьж байна вэ? -Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг дарга болон Монголын барилгачдын холбоо хамтран барилгын чанар, хийцэд хяналт тавидаг хамгийн сүүлийн үеийн техник технологи ооруулж ирсэн. Эхний ээлжинд нийслэл хотын хэмжээнд хуучин барилга байшингуудад шалгалт хийж, дүгнэлт гаргаж байгаа. Энэ жилээс уг багажныхаа тоог нэмэгдүүлж шинэ орон сууцнуудад хяналт тавина. “Үл эвдэх хяналтын багаж” нэртэй уг багаж нь барилгын гаднаас рентгэн шиг шинжилдэг. Гол тулгуур, арматур төмөр, карказ, цемент зуурмагийн чанар, орц зэргийг бүгдийг хянах чадалтай. Үүнийг УМХГ-тай хамтран хийж, чанарын шаардлага хангахгүй бол улсын комисс хүлээж авдаггүй болно. -Шалгалтын явцад чанаргүй, шаардлага хангахгүй барилга гэдгийг тогтоосон тохиолдолд асуудлыг яаж шийдэх вэ? -Буулгана. -Ашиглалтад ороод оршин суугчаа хүлээн авсан байр чанаргүй гэдэг нь тогтоогдвол яах вэ? Тухайлбал, хотын төвд 9 давхар байрны зураг төслөөр баригдсан барилга ажлын явцад 5 давхар болгож, дотоод заслаа хийж байгаа тухай мэдээлэл байна. -Хуулиараа барилга баригдах явцад алдаа гарсан тохиолдолд тухайн байгууллага ажлаа зогсоох ёстой. Харин бидний шалгалтын үеэр ийм барилга илэрвэл шууд нураахыг үүрэг болгоно. Мөн сүүлийн үед ашиглалтад орсон барилгын чанар муу байна гэсэн иргэдээс мэдээлэл ирвэл очиж шалгана. -Оршин суугчдын хохирлыг хэн төлөх вэ? -Мэдээж тухайн барилгыг захиалсан, барьсан бариулсан байгууллагуудтай хариуцлага тооцож төлбөрөө нөхөн төлүүлэх учиртай. Зургаан хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болох хамгийн эхний хугацаа хэзээ вэ. Байрны үнийг зээл олголтын хугацаанд тогтвортой барьж чадах уу? -Орон сууцтай болох хамгийн эхний хугацаа гэвэл энэ ондоо багтах байх. Зээлийн хугацаанд байрны үнийг тогтвортой барьж чадна гэж бодож байна. -Байгууллага, аж ахуй бүрт квот хувиарлахгүй бол хүн бүр байр авна гэхэд цаанаасаа олгох мөнгө нь хүрэлцээгүй хэцүү болно байх? -Хүний хөгжлийн сангаас иргэдэд олгохоор бэлдэж байгаа мөнгийг төвлөрүүлнэ. Тиймээс мөнгө хүрэлцээтэй гэж бодож байна. Нийт гэр хорооллын 60 хувь энэ хөтөлбөрийн хүрээнд орон сууцтай болчих боломжтой гэж бодож байна -Анх удаа байр авч байгаа хүнд байр олгоно гээд байгаа. Урьд нь байр аваад түүнийгээ зарсан хүн зээлэнд хамрагдаж болох уу? -Эхний ээлжинд анх удаа байр авч байгаа хүмүүс л хамрагдах боломжтой. Энэ нь ченжүүд иргэдийг хохироохгүй байхаас сэргийлж байгаа хэрэг. Ийм асуудалтай хүмүүсийн хувьд  2014 оны л энэ зээлэнд хамрагдах боломжтой. -Өнгөрсөн онуудад үүнээс өндөр хувийн хүүтэй зээлээр байр авсан иргэд олон бий. Энэ хүмүүс зээлийнхээ хүүг бууруулах боломж бий юу? -Ийм боломж бий. Өндөр хүүтэй зээлд авсан иргэдийн зээлийн хүүг  6 хувь болгох талаар яригдана. Үүнд Хөгжлийн банк анхаарлаа хандуулах байх. -Барилгын салбар маань нэг хэсэг уналтад орсон. Одоо байдал ямар байна вэ? -Барилгачид бүтээн байгуулалтад жигд хамруулах боломж бололцоог бүрдүүлж өгвөл барилгын салбар оргилдоо хүрэх боломж байна. -Та иргэдэд ямар зөвөлгөө өгөх вэ? -Засгийн газрын тогтоол үе шаттайгаар гарч байгааг анхааралтай ажиглаж шийдвэрийн хэрэгжилтийг хянаж, ОССК-тай маш сайн хамтарч ажиллах хэрэгтэй. Улам өргөн дэлгэр баригдах гэж байхад байрны үнэ буурах гэж байхад өсөх гэнэ гээд цуураад яваад байх нь зохимжгүй юм. Өнөө маргаашдаа эрэлт, нийлүүлэлт хоёр нь зохицохгүй байгаа нь үнэн. Зургаан хувийн зээл 20 жилийн хугацаанд баригдана. Энэ хугацаанд юу гэж барилгын үнэ улам нэмэгдээд байх вэ. Орон сууц барихыг хүлээх хэрэгтэй. Ард иргэддээ барилга барина гэж байгаа барилгачдаа дэмжиж ажиллах хэрэгтэй. -Иргэдийн зүгээс тухайлбал ямар дэмжлэг үзүүлнэ гэсэн үг вэ? -Гэр хороололд амьдарч байгаа иргэдэд л гэж хэлэхэд энэ урт хугацааны зээл нь ажлын байртай, төлбөрийн чадвартай байх шалгуур л тавьж байна. Энэ хөтөлбөрийн дагуу хамгийн түрүүнд байртай болох боломжтой хүмүүс барилгачид. Өнөөдөр засалчин, гагнуурчин хийж байгаа хүүхэд 1-1.5 сая, барилгын талбайд удирдах ажилтан хийж байга хүүхэд 13 сая төгрөгийн цалин амлахгүй бол хөдлөхгүй байна. Солонгост ажиллаж байгаа хүүхдүүд одоо Монгол руугаа бригад болоод гүйж байна. Ингэж өндөр цалинтай хүүхэдтэй болох хэрэгтэй. Шалгалтын явцад хуучин барилгуудыг нураана гэлээ. Хэдэн жилийн өмнө ХААХҮЯ-ны өмнө байрлах Цэргийн 44 гэх барилгын насжилт өндөртэй гээд нураасан. Гэтэл одоо болтол шинээр барилга баригдсангүй. Хуучин барилгуудыг нураагаад эхлэхээр хотын энд тэнд  нураасан барилгын хог хаягдал дүүрэх юм биш байгаа. -Цэргийн 44 –ийн хувьд насжилт өндөртэй, хүн амьдрах боломжгүй гэдэг нь тогтоогдсон.  Тиймээс оршин суугчидтай ярилцаж тохирон нураахаар шийдвэр гарсан. Оршин суугчидтай тохирон  хуучин буйран дээр нь шинэ орон сууц барьж, буцаан оруулахаар тогтоод байсан ч асуудал шийдэгдээгүй. Учир нь оршин суугчдын зарим их хэмжээний мөнгө нэхэж ажилд хүндрэл учруулсан.  Зөвхөн оршин суугчид гэхгүй нэг давхарын үйлчилгээ эрхэлдэг иргэд их хэмжээний мөнгө нэхэж байсан. Харин энэ удаад шаардлага хангаагүй нураагдсан барилгын суурин дээр дахин шинээр барих асуудлыг Засгийн газрын мэдэлд шилжүүлж, төр мэдэлдээ авсан тул Цэргийн 44-ийн түүх давтагдахгүй гэж ойлгож болно.  -Тухайн үед гадны хөрөнгө оруулагчид уг газрыг сонгож барилга барих гэж байна гэсэн сураг гарч байсан. Тэгээд үнэ мөнгөн дээрээ тохироогүй гэдэг энэ үнэн үү? -Гадны хөрөнгө оруулагчид тухайн үед хандаж байсан нь үнэн. Гэвч оршин суугчид болон нэг давхарын  түрээслэгчдийн  асуудлаас болоод  гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Ер нь ийм тохиолдол цөөншгүй бий. Гэр хорооллыг барилгажуулах төслийн явцад ч ийм тохиолдол их гардаг. -Цэргийн 44-ийн  буурин дээрх барилгын хог хаягдлыг одоо хэн хариуцах вэ? -Тухайн үед гэрээ хэлэлцээр хийж, иргэдтэй зөвшилцөж байсан хүмүүстэй л хариуцлага тооцох хэрэгтэй.  Оршин суугчдын зүгээс өөрсдөө анхаарал тавихгүй бол шийдэгдэхэд хэцүү асуудал Шинэ орон сууцууд хятадын хамгийн чанаргүй сантехникийн материал, тоног төхөөрөмжөөр хангадаг. 100 мянган айлын орон сууц бас ийм байх уу? -Энэ асуудлыг  бодоогүй биш бодож байгаа. Сая би Хотын даргыг дагаж  ХБНГУ-ын Берлинд  айлчилсан. Солонгос,  Германы сантехникийн материалын ханш 100 айлын барилгын материалын ханшаас бага байна. Манай наймаа хамгийн муу материалыг хамгийн чанартай материалын үнээр зардаг юм байна. Тэгэхээр материалын үйлдвэрээ баригдтал Засгийн газрын шугмаар хамгийн сайн чанартай сантехникийн материал бусад зүйлийг импортлоод оруулж ирдэг байх боломж байна. Өвөл нь импортоор оруулж ирээд зун нь барилгын компаниудад нийлүүлж болж байна. Удахгүй барилгын материалын бөөний сүлжээг дэмжсэн Засгийн газрын тогтоол гарах байх. Эрээний хамгийн муу материалыг  хамгийн өндөр үнээр шахдаг байдал үгүй болно гэж бодож байгаа. -Зургаан хувийн хүүтэй зээлд  хувийн сууц барих сонирхолтой хүнийг хамруулах уу? -Одоогоор энэ талаар тодорхой шийдвэр гараагүй. Эхний ээлжинд тохилог орон сууц гэсэн нь гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах юм. Амины орон сууцыг тохилог гэж хэлэхэд арай болохгүй байгаа юм. Гэр хороололд  амины орон сууц барилаа гэхэд агаарын бохирдол буурахгүй, суларсан газарт нь цэцэрлэг сургууль, нийгмийн үйлчилгээний газрыг барих газаргүй болчихоод байна. Хот байгуулалтын бодлого гэдэг цогцоор нь шийдэхийг хэлж байгаа юм.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэ нэг сайхан шаадаг тоорой байнаа
2012-11-16
sanal:
yarihaas oor yum medkui tolgoi ih medegc yanaa heden jil ingej hucaadl bhiin
2012-03-01
Mgl hun:
Yasan meden budilsan huur be, Mongoliin barilgachidiin holvoonii yerinhiilugch shuu yum baij ereenii muu materialaar bariad 20 n jil bolj baihad odoo medej baigaa novshuu
2012-03-01
z:
Ноос, ноолуураар таны хүссэн өнгө загвараар төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж байна. 9517-4824, 8850-2550, 96060388
2012-03-01