Хөгжлийн бэрхшээлтэй иргэд жилд 1000-аар нэмэгджээ

img

Зам тээврийн осол гэмтэл Монгол Улсад төдийгүй дэлхий дахины тулгамдсан асуудлуудын нэг болоод удаж байна. Зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 1.2 сая хүн нас барж, 500 сая гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа энэ асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж эхэлжээ. Тодруулбал, 2009 онд ОХУ-ын Москва хотод замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай олон улсын сайд нарын анхдугаар зөвлөлгөөн болсон юм. Уг зөвлөлгөөнд улс орнуудын холбогдох яамдын тэргүүнүүд болон төлөөлөгчид, төрийн болон төрийн бус байгуулагуудын төлөөлөгчид оролцож “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, ослын үр дагавар, шалтгаан, шийдвэрлэх арга замын талаар ярилцаж,  “Москвагийн тунхаг” нэртэй баримт бичгийг гаргасан билээ. Уг тунхагт замын ослын улмаас нас барагсдын 90 хувь нь бага болон дунд орлоготой орнуудад учирч байгааг онцлоод дорвитой арга хэмжээ авахгүй байдал энэ хэвээрээ үргэлжлэх юм бол 2020 он онд үхлийн тэргүүлэх шалтгаан нь зам тээврийн осол болно гэжээ. Мөн ослоор амь насаа алдагсдын ихэнх нь 5-9 насны хүүхэд эзэлж байгааг ч онцолж, тэднийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарал хандуулахыг сануулсан аж. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд автотээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж, 1990 онд 43.6 мянга байсан бол 2010 онд 296.8 мянга болж долоо дахин өсчээ. Цаашид ч энэ тоо нэмэгдэх бол мөн онд 772.563 иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан байна. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний нягтрал, зам тээврийн осол, иргэдэд учрах хохирлын хэмжээ жилээс жилд нэмэгдэх болжээ. Тухайлбал, 2010 онд 36885 зам тээврийн ослын дуудлага ирж, 8809 зам тээврийн осол бүртгэгдэж,  түүнээс үүдэн 320 хүн нас барж, 933 хүн гэмтэж, 2,033,665.01 мянган төгрөгийн эдийн хохирол учирсан байна.  Харин 2011 онд 362  хүн нас барж, 1093 хүн хүнд гэмтсэн тоо нь урьд оныхтой харьцуулахад нас баралт  12,8 хувиар, гэмтсэн хүн  17,1 тус тус өссөн үзүүлэлт аж.  Судалгаагаар жил бүр 300 гаруй хүн авто тээврийн ослоос болж нас барж байгаа нь хүн ам харьцангуй цөөтэй манай улсын хувьд их тоо гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нийт зам тээврийн ослын шалтгааны дийлэнх нь буюу 2010 онд 82.8 хувь нь, 2011 онд 94.9 хувь жолоочийн буруутай үйлдлээс үүдэлтэй ажээ. Тиймээс жолоочийн хариуцлагыг албан журмын даатгалд хамруулж, зам тээврийн ослоос үүдэн гарах хохирлыг  барагдуулдаг байх тогтолцоог эхлүүлээд байгаа. Гэвч энэ асуудалд жолооч нар хойрго хандаж байна. 2010 онд л гэхэд жолоочийн даатгалд нийт жолооч нарын 10 хувь, автотээврийн хэрэгслийн даатгалд нийт автотээврийн хэрэгслийн 20 орчим хувь нь даатгалд хамрагджээ. Жолоочийн хариуцлагын даатгалыг дэлхийн улс орнууд жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чаддаг аж. Тухайлбал, Их Британи улсад л гэхэд зам тээврийн осол гаргасан жолооч нар тээврийн хэрэгсэлээсээ гарч ирэн уучлалт гуйж, даатгалынхаа бичгийг өгөөд л сална. Энд ямар уур уцаар, бухимдал, хэн нэгэн танил Замын цагдаа, дарга цэрэг рүү залгана гэсн ойлголт байхгүй. Даатгалын компаниуд нь тэр дариуд хэн нь буруутайг нь тогтоох ажлыг эхлүүлж, буруутай жолоочоос нөхөн төлбөр авах, засвар үйлчилгээг нь шийдэж өгнө. Хэдийгээр жолооч осол гаргаж, даатгалын компани түүнд ямар ч чирэгдэл учруулахгүй  бүх асуудлыг шийдэж өгдөг. Соёлжсон орны соёлтой үйлчилгээний хөлс нь өндөр тул жолооч дахин осол гаргахгүй явахыг хамгийн ихээр анхаардаг аж. Зөвхөн 2011 оны зам тээврийн осол гэмтлийн баримтаас дурьдая. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 362  хүн нас барж, 1093 хүн хүнд гэмтсэн тоо нь урьд оныхтой харьцуулахад нас баралт  12.8 хувиар, гэмтсэн хүн  17.1 тус тус өссөн үзүүлэлт аж. Гэмтлийн байдлыг авч үзэхэд зам тээврийн ослын  улмаас хохирсон жолооч, зорчигч осолд орох үедээ 12.8 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 71.2 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй, 16.0 хувь нь тогтоогдоогүй  аж. Дээрхи тоон  үзүүлэлт дотроо орон нутгийн замд гарсан зам тээврийн осол, хэргийн улмаас нас барж, гэмтсэн хүмүүсийн 68.2 хувь хамгаалах бүс хэрэглээгүй гэсэн баримт гарчээ. Зам тээврийн осол гарсан үеийн цаг агаарын нөхцлийн хувьд 90.9 хувь нь таатай үед, 2.8 хувь нь цастай, 3.9 хувь нь үүлэрхэг, 0.4 хувь нь манантай, 2.0 хувь  нь  шуургатай үе байжээ. Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослын 8976  буюу 94.9 хувь нь жолоочийн буруугаас, 446 буюу 4.7 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдэлээс,  41  буюу 0,4 хувь нь замын нөхцөлөөс гарчээ. Харин явган зорчигчийн буруутай үйлдлээс  27.3 хувь нь шалтгаалж байгаа бол үлдсэн нь тээврийн хэрэгсэл жолоодож буй жолоочийн буруугаас болсон аж. Явган зорчигч хүүхдүүдийн хувьд мөн өөрсдийн буруутай үйлдэл, замын хөдөлгөөний дүрэм журмын мэдлэг тааруу байгаагаас шалтгаалан осолд өртөх явдал их байна. 2011 онд улсын хэмжээнд 40 хүүхэд нас барж, 162 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ. Хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй байдлаас ихэнхи нь болж байгаа ч нөгөө талаас жолоочийн ур чадвар, жолоочийн хөдөлгөөнд оролцох соёл зэргээс ихээхэн  шалтгаалдаг.   Зам тээврийн осол гарсан  цаг хугацаагаар нь авч үзвэл 06.00-12.00 цагийн хооронд  4370 буюу 22.4 хувь, 13.00-18.00 цагийн хооронд  7005 буюу 36.1  хувь, 18.00-00.00 цагийн хооронд 6148 буюу  31.6  хувь, 00.00-06.00 цагийн хооронд  1917 буюу 9.9 хувь нь тус тус бүртгэгджээ.   Дээрх баримтууд бол зөвхөн 2011 оны дэлгэрэнгүй мэдээлэл юм. Жилийн 365 хоногт 362  хүн нас барж, 1093 хүн хүнд гэмтэж бэртэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо тэр хэмжээгээр нэмэгдэж байна гэвэл хилсдэхгүй л болов уу. Хамгийн гол нь зам тээврийн ослын шалтгаан нь хурд хэтрүүлэн давхисан, хамгаалах бүс хэрэглээгүй, дүрэм зөрчдөг жолооч байдгийг мартаж болохгүй. Монгол хүн морин дэл дээгүүр салхи татуулан давхидагийн адилаар төмөр хүлэг хөлөглөн зорисон газраа хүрэх шиг сайхан зүйл үгүй. Жолооч таны гарт өөрийн тань амьдрал төдийгүй  таны хайртай хүмүүсийн амь нас даатгагдаж байгааг битгий мартаач... П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ