
Олон улсад мөрдөн шалгахад хамгийн хүнд хэрэгт тооцогддог card fraud буюу картын залилангийн хэргийг үйлдсэн гадаадын иргэдийг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлжээ.
Тус газрын эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт "гадны сэжиг бүхий хүмүүс үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдан борлуулдаг дэлгүүрүүдээс төлбөрийн картаар их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авч, зарим тохиолдолд өөрийн картын үлдэгдлийг мэдэхгүй байна" гэсэн мэдээлэл иржээ.
Мэдээллийн мөрөөр тус газрын ажилтнууд шалгаж арилжааны банкнаас сэжиг бүхий худалдан авалт хийгдсэн талаар лавлагаа авахад энэ оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс хойш Улаанбаатар хотын үйлчилгээний томоохон цэгүүд болох Скай их дэлгүүр, Улсын их дэлгүүр, Сентрал таур дахь дэлхийн томоохон брендийн бараа бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүдээс нийт 100.000 гаруй ам.долларын картаар худалдан авалт хийхээр оролдсон үйлдэл илэрчээ. Үүнээс зарим нэг тохиолдол нь зөвшөөрөгдөж ойролцоогоор 45,0 сая орчим төгрөгийн худалдан авалт хийгджээ.
Дээрх дэлгүүрүүдийн хамгаалалтын камеруудаас мөрдөн байцаагч сэжиг бүхий этгээдүүдийн дүрс бичлэгийг авч үзэхэд ази төрхтэй, 25-30 орчим насны гурван эрэгтэй хүн байжээ.
Ингээд хэргийг шалгах явцад сэжиг бүхий этгээдүүд нь зүүн өмнөд ази гаралтай хүмүүс болох нь тодорхой болсон байна. Тэднийг энэ сарын 12-ны өдөр Сентрал тауэр-ын "Берберри" дэлгүүрт ирэх үед баривчилжээ. Картын залилангийн хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийн нэг нь 24 настай Малайз улсын иргэн, 25 настай Вонг Жиан Лун, Сү Кок Шенг, 32 настай төрсөн Чуа Сенг Вии нар болох нь тогтоогджээ.
Сэжигтэй этгээдүүдийн бие, хувцас, авч явсан гар цүнхэнд үзлэг хийхэд 51 ширхэг хуурамч төлбөрийн хэрэгсэл илэрсэн байна. Түүнчлэн зочид буудалд нь нэгжлэг хийхэд хуурамч картаар худалдан авсан эд зүйлсийнх нь зөвхөн хоосон хайрцгууд байсан аж.
Мөрдөн байцаалтын явцад сэжигтнүүд өөрсдийгөө гүйцэтгэгч гэж хэлээд Малайз дахь том босс нь эдгээр картуудыг өгч Монголд очоод үнэтэй бараа худалдан аваад Малайзад эргэн ирснийхээ дараа худалдан авсан барааныхаа 10 хувийн урамшууллыг аваарай гэсний дагуу энэ сарын 9-ны өдөр Улаанбаатар рүү Бээжингээр дамжин ирсэн гэж ээ. Тэд “Биднийг Улаанбаатарт үл таних "Кэн" гэгч нэртэй Малайз хүн хоёр хүний хамт тосч авсан.
Түүнтэй хамт Сингапур улсын иргэн Кор Чи Чай, Малайз улсын иргэн Чиа Гуан Сун хамт байсан бөгөөд Чингис хаан зочид буудалд байрлуулсан. Бид нөгөө картуудаар бараа бүтээгдэхүүн худалдан авч буудалдаа очиод Кенд өгдөг байсан, Кен ямар буудалд байрласныг мэдэхгүй, бидэнд хэлдэггүй байсан'' хэмээн мэдүүлжээ.
Цагдаагийнхан Кен гэгчийг хэн болохыг тогтоохоор ажиллахад тийм нэртэй малайз хүн хилээр орж ирээгүй ч оршин байгаа газрыг эрэн сурвалжлахад Сүхбаатар дүүргийн долдугаар хороо 11-р хорооллын “Алтаргана” зочид буудалд байгааг тоггоожээ. Тогтоох үед Кен болон түүний хамсаатан хэрэг үйлдсэн этгээдүүд нь тэр өдрийн маргааш өглөө буюу энэ сарын 13-ны өдөр хилээр гарах бэлтгэлээ хангаж, онгоцны зорчих тасалбар авсан байжээ.
Ингээд цагдаагийн ажилтууд дээрх гэмт этгээдүүдийг баривчлах үед тээшнээс нь 6 ширхэг гар компьютер /iPAD/, 12 ширхэг алтан гинж, брендийн үнэтэй хувцас, цүнх, түвийвч зэрэг хуурамч төлбөрийн картаар худалдан авсан эд зүйлс гарч ирснийг эд мөрийн баримтаар хураан авсан аж. Кен гэгч үл таних этгээд нь Малайз улсын иргэн 1976 оны долдугаар сарын 30-ны төрсөн Тэх Юу Ленг болохыг тогтоожээ.
Гэмт этгээдүүд нь АНУ-ын Чейз банк, Ай Ти Эс гэх мэтийн банкны харилцагчдийн картны хар туузан дахь мэдээллийг "хулгайлж" Малайз улсад тусгайлан бэлдсэн картны бэлдэц дээр мэдээллийг суулгасан байна. Ингэж бусдын мэдээлэл суугдсан кредит карт буюу дараа төлбөрт зээлийн картаар Монгол улсад худалдааны цэгүүдээр гүйлгээ хийж алт мөнгөн эдлэл, нэртэй брэндийн хувцас, гутал, жижиг оврын компьютер техник хэрэгсэл худалдан авдаг байна.
Ингээд гэмт хэргийн замаар олсон бараагаа МУ-ын хилээр авч гаран Малайз улсад 50 хувийн хямд үнээр зарж ашиг олдог байжээ. Дээрх этгээдүүд нь зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн худалдан авалт хийдэг доод түвшний fingers буюу олон улсад тэднийг "хуруунууд" гэдэг. Хуруунууд нь зөвхөн картаар худалдан авалт хийдэг бөгөөд Монгол улсад ирэхдээ зөвхөн нэг удирдах хүний утасны дугаартай ирдэг байна.
Дээд талын Arms буюу "гар"-ууд нь зөвхөн тэр барааг авч хилээр гардаг байна. Эдгээр гэмт сүлжээний этгээдүүд нь урьд нь бие биенийгээ танихгүй, уулзаж байгаагүй, жинхэнэ нэр овгийг нь мэддэггүй байна бөгөөд зөвхөн "Кэн" гэх мэт хочтой байдаг аж.
Гэмт этгээдүүдийн гадаад паспортын хил нэвтрэлтийг шалгахад Австрали, Вьетнам, БНХАУ зэрэг орнуудаар орсон гарсан тэмдэглэгээ хийгдсэн байна. Иймд дээрхи орнуудын хууль сахиулах байгууллагуудад болон Малайз улсын холбогдох байгууллагуудад Интерполын шугамаар хандаж, энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн эсэхийг шалгахаар Эрүүгийн цагдаагийнхан үргэлжлүүлэн ажиллаж байна.
Олон улсад card fraud буюу картын залилангийн хэргийг илрүүлэх, мөрдөх нь хамгийн хүндрэлтэй тооцогддог аж. Энэ нь зөвхөн картны эзэмшигч сарын дараа магадгүй жилийн дараа картны төлбөр төлөх үед мэдэгддэг байна.
Монголд өнгөрөгч 2009 оны дөрөвдүгээр сараас 2009 оны зургаадугаар сарын 12-ныг хүртэл манай улсын иргэн Ж, Э, Б нар нь АНУ-ын Wells Fargo Bank-ны карт эзэмшигчдийг мэдээллийг ашиглан БНХАУ-д үйлдвэрлэсэн мэдээлэл суулгах зориулалт бүхий техник ашиглан залилан мэхэлсэн гэмт хэрэг анх бүртгэгдсэн юм.
Малайз, Сингапур улсын иргэдийн үйлдсэн хэрэг нь ижил төрлийн хэрэг бөгөөд цаашид энэ төрлийн хэрэг ихсэх хандлагатай байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ