Шатахуун тасалдаад долоо хонож байна. Улаанбаатар хотод шатахуун түгээх станцууд дизель түлшийг зөвхөн гэрээтэй байгууллагууддаа олгож байгаагаас үүдэж шагийн түлшний наймаа газар аваад буй. Өөрөөр хэлбэл, шатахуун түгээх станцад 3690 төгрөгөөр зарагдаж буй дизель түлш шагчдийн гараар орж 4200-4500 төгрөг болжээ. Нийслэлд зөвхөн дизель түлш тасалдаад зогсохгүй АИ-92 бензиний хүртээмж багассан байна. Харин хөдөө орон нутгийн тухайд дизель түлш, АИ-92 бензин олдохоо больж малчид малдаа явж чадахгүйд хүрчээ. Аргаа барсан малчид аймаг, сум дамжин шатахуун хайж байна. Уг хэрэгтээ одоогоос тав хоногийн өмнө улсын хэмжээнд 22 хоногийн шатахууны нөөц бий хэмээн албанынхан тайлбар өгч байв. Гэтэл 22 хоногийн нөөц нь 2-3 хоногийн дотор дуусч ийн хомсдолд ороод буй.