Кабелийн телевизийн удирдлагууд мэдээлэл хийлээ
2012-05-23

Харилцаа холбооны зохицуулах газраас ирэх сард болох сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааг телевизийн сувгаар олон нийтэд хэрхэн мэдээлэх талаар өчигдөр журам танилцуулсан юм. Уг журамд зааснаар агаарын долгион ашиглан орон даяар нэвтрүүлгээ цацдаг хэдхэн телевизүүдэд олон нийтэд мэдээлэл хүргэх эрх олгосон аж. Харин кабелийн сувгаар нэвтрүүлгээ олон нийтэд хүргэдэг телевизүүд 2012 оны сонгуулийн үеэр ямар ч сурталчилгаа мэдээлэл гаргах эрхгүй болсон аж.   Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон нийтэд мэдээлэл хүргэх эрхийг нь зөрчсөн хэмээн “Улс төр” мэдээллийн төвд өнөөдөр Монголын суваг телевизүүдийн нэгдсэн холбооноос хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийг Монголын суваг телевизүүдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Амгалан, “Шууд” телевизийн захирал Ж.Соёл-Эрдэнэ, "NBS" телевизийн гүйцэтгэх захирал С.Наранбаатар, “Парламентын суваг” телевизийн захирал Т.Төрмаа, “Шонхор” телевизийн гүйцэтгэх захирал Л.Мөнхбаясгалан нар өглөө.   Энэ үеэр оролцогчид мэдэгдэхдээ “Харилцаа холбооны зохицуулах газраас гаргасан энэхүү журам нь "Кабелийн телевизүүдийн эрхийг боож байна. Зах зээлийн хуулиар зохицуулагдаж байгаа ажилд Засгийн газраас хөндлөнгөөс оролцож байгаа нь маш бүдүүлэг алхам. Нөгөө талаар сонгуульд оролцож буй нам эвсэл, бие даагчийн талаар мэдээлэл авах сонголтыг үзэгчид өөрсдөө шийдэх ёстой. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллагыг хоёр байдлаар ялгаж үзэн, үзэгчдийн эрх ашгийг хөндсөн журам гаргаснаас харахад энэ бүхэн хэнд үйлчлээд байна вэ гэсэн хардлагыг төрүүлж байна. Энэ асуудалд үзэгчид өөрсдөө дүгнэлт хийж, асуудлыг холбогдох албаныханд мэдэгдээсэй гэж уриалж байна" гэв.   Мөн “Хэвлэл мэдээллийн салбарт монопол ёс байх ёсгүй. Шудрага өрсөлдөөнөөр шийдэх ёстой. Хамрагдах хүрээ маань өөрөө жижигхэн асуудал байж болох ч агуулга, үзэл санаа, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа нь том эрх ашгийг зөрчиж байна. Орон даяар цацдаг хэдхэн телевизүүд Сонгуулийн сурталчилгааг олон нийтэд хүргэх 28 хоногт өдөрт хоёр цагийн эрхтэйгээр мэдээлэл цацахаар боллоо. Энэ хэдэн өдрийн бүх цагийг томоохон нам эвслүүд аль хэдийнээ хуваарилаад авчихсан байгаа нь мэдээж. Гэтэл жижиг намууд, бие даагчид, шударга үнэний дуу хоолой болж байгаа иргэний хөдөлгөөнүүдийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө танилцуулах цаг, боломжийг хааж байна” гэж мэдэгдлээ.   Түүнчлэн энэ үеэр “Бид “Сонгуулийн хууль” батлагдахад дагаж мөрдөхөө мэдэгдсэн.  Шинэ журмыг ч мөн адил дагаж мөрдөнө. Бидний хувьд “Сонгуулийн хууль”-ийн 2.3-т заасан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлгийг зөвхөн агаарын долгион ашигладаг телевизүүд олон нийтэд хүргэнэ” гэж заасанд бухимдаад байна. Гэтэл хуулиасаа давсан журам батлагдчихлаа. Хуулиа дээдлэх нь зүйтэй. Гэвч иргэдийн болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрх ашиг, нэр дэвшигчдийн шудрага өрсөлдөөнийг үгүйсгэж байгаа нь хэн нэгний эрх ашигт шууд нөлөөлнө гэж үзэж байна.  Хамгийн гол нь “Сонгуулийн хууль”-ийг баталсан УИХ-ын гишүүд дунд агаараар мэдээлэл цацдаг, хувьдаа телевизтэй хүн цөөнгүй гэдгийг та бид төдийгүй, монголын бүх иргэн мэдэж байгаа. Өнөөдөр цөөн хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагын эрхийг хязгаарлаж байгаа мэт боловч энэ салбарын эрх чөлөө рүү халдлаа. Тиймээс нэг үзэл бодолтой, нэг санаатай байхыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна. Нөгөө талаар хэвлэлийн эрх чөлөөг хаана гэдэг нь монголын иргэдийн мэдээллийг олон талаас нь авах эрхийг хааж байгаа хэрэг. Хэрвээ ингэж бий болгосон баталсан хуулиа давсан журам гарчихсан бол УИХ-ыг татан буулгачих хэрэгтэй. Хуулиа баталсан хүмүүс нь бид ийм утгаар оруулаагүй гэдгээ мэдэгдээд байхад шинэ журам гаргаж өөрчлөөд байх нь утгагүй асуудал” хэмээн оролцогчид мэдэгдлээ.   Монголын суваг телевизүүдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Амгалан -Шинэ журмын талаар хэзээ мэдсэн бэ? -Бид нар өчигдөр мэдсэн. Тэгээд “Сонгуулийн хууль”-ийг маш сайн судалсан хуульчтай уулзаж ярилцахад хуулиа давсан журам гэж хэлсэн. Энэ нь шинэ залуу нам, үзэгчдийн эрхийг зөрчсөн байгаа. Мөн сонгуулийн хуулийг харж байхдаа 35.12 гэсэн ганц л заалтыг анхаарсан. Тэр заалтыг олон талаас нь авч үзэхэд бидний эрх ашигт нөлөөлөхгүй хэмээн итгэж байсан ч яг тэрийг өөрчилсөн байна. -Журмыг батлахад та бүхнийг дуудсан уу? -Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар Харилцаа холбооны зохицуулах газраас санал асуулга авахдаа бидэнд мэдэгдээгүй. Шинэ журам баталж байгааг мэдээд тус газарт очиход аль хэдийнэ журмаа баталсан гэдгээ мэдэгдсэн. Өмнө нь Харилцаа холбооны зохицуулах газраас ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах талаар тухай бүрт нь мэдэгдэл хүргүүлдэг байсан. -Одоо ямар арга хэмжээ авах вэ? -Өчигдөр л мэдсэн. Одоо холбогдох албаныханд нь шат шатанд нь хандана. Хуулиасаа давсан журам гэж байх ёсгүй.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин