Малала охин гавлын ясны хагалгаанд орно
2013-01-31

Өнгөрсөн аравдугаар сард талибанчуудын халдлагад өртөж толгойдоо хүнд гэмтэл авсан пакистан охин Малала удахгүй гавлын ясны хагалгаанд орох гэж байгаа тухай Хатан хаан II Элизабетын нэрэмжит Брингхамийн эмнэлгээс мэдээлсэн байна. Малала охин хагалгаанд орохоосоо өмнө энэ сарын эхээр эмнэлгээс хэсэг хугацаанд гарсан. Энэ хооронд гэрээр эмчилгээ хийлгэж байсан юм. Түүний хагалгааг ирэх арав хоногт хийхээр төлөвлөжээ. Хагалгаа хоёр үе шаттай байх гэнэ. Эхний хагалгаа охины гавлын ясыг өрөмдөж цөмөрсөн хэсэгт металл суулгах ажээ. Харин хоёр дахь хагалгаа түүний чихний угт хийгдэх гэнэ. Одоогоор Малалагийн  зүүн чих бүрэн дүлийрчихээд байгаа юм. Тиймээс энэ төрлийн хагалгааг хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Малалагийн хагалгааг ахлах эмч Дев Россэр “Хагалгаа амжилттай болсноор түүний биеийн байдал одоо байгаагаасаа хамаагүй сайжирна. Учир нь түүний бие махбодиос гадна мэдрэхүй нь ажиллагаатай  болох юм.  Ингэснээр эдгэрэлт илүү эрчимтэй явагдана” гэжээ. Мөн “Энэ хагалгаа амжилттай болно гэдэгт  бүрэн итгэж болно, юунд ч эргэлзэх хэрэггүй” гэв. Хагалгаа бүр 90 минутын хугацаанд хийгдэнэ хэмээн төлөвлөсөн бөгөөд Малала 15-18 сарын дараа гэхэд ямар ч ул мөргүй бүрэн эдгэрнэ гэсэн найдвартай байгаа аж. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин