Манай хөгжимчид Их Британийн Хатан Хааны цэргийн үзүүлэх тоглолтод оролцохоор болжээ
2013-02-18

Монгол улсын Батлан хамгаалах яамны харъяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн баг Их Британид болох нэгэн онц сонирхолтой фестивальд оролцох урилга авчээ. Британийн Хатан Хааны цэргийн эрдмийн сүр хүчийг үзүүлэх зорилгоор анх үүсч байсан Эдинбургийн фестиваль хэмээх арга хэмжээ өдгөө онц сонирхолтой аялал жуулчлалын бүтээгдэхүүн болон хөгжиж Шотландын нийслэл Эдинбург хотыг жил бүр сая орчим жуулчны хөл хөдөлгөөнөөр дүүргэдэг болсон аж. Энэ жилийн фестиваль энэ оны наймдугаар сарын 1-нээс эхлэн 25 хоногийн турш зохион байгуулагдахаар болжээ. Зохион байгуулагчдын зүгээс жил бүр шинэ улс орныг татан оролцуулахыг эрмэлздэг бөгөөд энэ удаагийн фестивальд манай улсын цэргийн эрдмийн үзүүлэх тоглолтыг оролцуулахаар сонгожээ. Тус фестивальд Батлан хамгаалах яамны харъяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга болон ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн нийт 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчдийн баг оролцох юм. Дашрамд сонирхуулахад тус фестивалийг 2010 оноос хойш Хатан Хааны цэргийн буюу Эдинбургийн үзүүлэх тоглолт гэж нэрлэх болсон бөгөөд анхны албан ёсны үзүүлэх тоглолт 1950 онд найман үзүүлбэр бүхий хөтөлбөртэйгээр болж байжээ.Эдүгээ уг үзүүлэх тоглолтыг жил бүр 217,000 үзэгчид хүрэлцэн ирж сонирхож байгаагаас 35 хувь нь хилийн чанадаас ирдэг байна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин