Хилээр хууль бусаар самар гаргах гэж байсан хятадуудаас авлига авсан хэрэгт буруутгагдаж буй Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн таван албан хаагчийн авлигын хэргийг шүүх хурал өчигдөр болсон. Харин шүүх бүрэлдэхүүн уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.
Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн оны хоёрдугаар сард хууль бусаар самар ачиж яваа хятадуудын талаарх мэдээллийг иргэд цагдаа нарт мэдээлсэн ч самрын хууль бус наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдан, хэргийг нуух зорилгоор 40 сая төгрөгийг цагдаа нарт өгч самрыг хилээр гаргасан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.
Н.Раднаабазар нарын таван цагдааг Эрүүгийн хуулийн 268.2-т заасан зүйл ангиар буюу цагдаагийн алба хаагчид албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хахууль авсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаад байгаа билээ.
Д.Цэцэг