Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга төв” ТББ-аас хадгаламж зээлийн хоршооны хохирлыг барагдуулах ажлын явцын талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг уг асуудалд анхаарахыг хүссэн мэдэгдэл хүргүүлэх гэж байгаа хэлсэн юм.
700 гаруй хохирогчтой уг хэргийг шийдвэрлүүлэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Хуульзүйн сайдад үүрэг өгчээ. ХЗХ-ын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэрлэлт, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн явагдсан, долоон жилийн турш сунжирч буй хэргийн учир шалтгааныг тодруулах ажлын хэсгийнхэн дөрвөн сарын турш ажиллажээ.
Хэрэгт ШШГЕГ-ын нэр бүхий албан тушаалтуудад холбогдож, эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн байна. Түүнчлэн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын дөрвөн лицензийн эзэмших эрхийг сэргээж, ШШГЕГ-ын мэдэлд шилжүүлжээ. Дампуурсан гэх ХЗХ-ны өмчлөл, эзэмшилд байсан ч хохирогчдын хохирол барагдуулах жагсаалтад бүртгэгдээгүй “Глоб кредит” хоршооны 68 айлын орон сууц, 24 машины гарааш зэрэг нуугдмал хөрөнгийг илрүүлснээ хохирогчдын төлөөлөл ярив. Тиймээс хэргийн талаарх хуульзүйн дүгнэлтийг яаралтай гаргах, хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрд төвлөрүүлсэн 20 тэрбум төгрөгийг хохирогчдод олгохыг хүсч буй аж. “Шударга төв” ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг “Өдөр бур олон арван хохирогч хэзээ хохирлоо барагдуулах талаар асууж байна. Би ч өөрөө хохирогч. Долоон жилийн турш хохирлоо нөхөн төлүүлэхээр тэмцсэн бидэнд бодит үр дүн хэрэгтэй байна. Эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсноос болж олон иргэн амиа алдсан. Үүнээс гадна 200 гаруй гэр бүл эрүүл мэндээр хохирч, 79 гэр бүл салсан байна. 480 өрх орон гэргүй болсон. Тиймээс Ерөнхийлөгчид хандахаас өөр арга алга” гэв.
Д.Цэцэг