“Намрын ногоон өдрүүд”-эд “Хүй 7 худаг”-ийн чиглэлд автобус явна
2013-09-16

Монгол Улсын Засгийн газраас “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 18-24-ний өдрүүдэд 8 дахь жилдээ зохион байгуулна. Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны  хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний  үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд  хүргэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон ач холбогдолтой тус арга хэмжээний талаар өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэл хийлээ.

.

“Намрын ногоон өдрүүд-2013” нэгдсэн арга хэмжээний “Эрүүл хүнс-2013” болон  “Алтан намар-2013” үзэсгэлэн худалдаа “Дүнжингарав худалдааны төв”-д, “Шилмэл мал-2013” үзэсгэлэн худалдаа нь энэ сарын 22-ны өдрийг хүртэл  Хүй долоон худагт тус тус  зохион байгуулагдах аж. “Эрүүл хүнс -2013” үзэсгэлэн худалдаанд орон нутаг болон нийслэлээс нийт 100 гаруй аж ахуй нэгж, “Алтан намар-2013 ” үзэсгэлэн худалдаанд 16 аймгийн 6 аж ахуй нэгж  20 гаруй хоршооны 200 гаруй ногоочид болон газар тариалангийн салбарт хэрэгжиж байгаа 10 орчим төсөл хөтөлбөрүүд оролцохоор болжээ. Харин “Шилмэл мал -2013” үзэсгэлэн худалдаанд нийт 18 аймаг болон  нийслэлээс 688  шилмэл мал оролцох юм байна.

.

“Шилмэл мал-2013” арга хэмжээний үеэр манай улсад үржүүлдэг баталгаажсан 40 гаруй үүлдэр, омгийн мал, нийгэм, эдийн засгийн эрэлт хэрэгцээгээр гадаад орнуудаас импортлон цэврээр нь болон эрлийзжүүлэн үржүүлдэг 20 гаруй үүлдрийн гойд ашиг шимт үржлийн малын үзэсгэлэн гарах аж. Мөн энэ үеэр гахай, шувуу, нохой гэх мэт гэрийн тэжээвэр амьтдын үзэсгэлэн болж, үржлийн малын үнэ хаялцуулах дуудлага худалдаа, үндэсний дээл, хувцас, мал аж ахуйн тоног хэрэгслэл, ном товхимолын үзэсгэлэн, малын тэжээлийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, малын эмийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн танилцуулгыг зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн жороо морины үзүүлбэр, тойргийн уралдаан, Монголын нохойн судлалын холбооны  улсын хэмжээний “Dog show” -IV үзэсгэлэн  болохыг зохион байгуулагчид нь хэлж байв.

.

Нийслэлийн тээврийн газраас “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний “Алтан намар”, “Эрүүл хүнс” арга хэмжээ явагдах “Дүнжингарав” худалдааны төвөөс Хүй долоон худгийн чиглэлд 9 дүгээр сарын 20-22-нд өглөөний  9-18 цаг хүртэл хоорондоо 1 цагийн завсартай нийтийн тээврийн үйлчилээний автобус явуулахаар шийдвэрлэжээ. Хүй долоон худгаас сүүлийн автобус 16.30-д хот руу хөлдөхөөр маршрут, цагийн хуваарь гаргасан байна.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин