Залуусын дунд шилдэг санааны уралдаан зарлалаа
2013-11-12

Сүүлийн үед залуус Facebook, twitter хуудсандаа санал санаачлага, үзэл бодлоо хуваалцдаг боловч бодитоор тэднийг дэмжих, шинэ санал санаачилагыг нь хэрэгжүүлэх тогтолцоо, нөхцөл боломж байдаггүй. Тиймээс Монголын Залуучуудын Холбооноос “Creative idea-2014” шинэ санал санаачлагийн уралдаан зохион байгуулахаар болжээ.

Монголын залуучуудын холбоо 2013 оныг “Оролцьё” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулж буй. Тиймээс залуучуудаа залхуурдаггүй, бусдыг зөвхөн шүүмжилдэггүй, хэн нэгэн хийгээсэй гэж арагш суудаггүй, харин ч эсрэгээрээ шинэ санаа гаргаж, аливаа юманд санаачилгатай, идэвхи зүтгэлтэй байлгахын төлөө  залуучуудаа дэмжье, тэднээс гарч байгаа маш олон шинэ санааг бодит амьдрал дээр бий болгоё гэж шийдвэрлэсэн аж. Уг шийдвэрийн “Creative idea-2014” төслийн уралдааныг зарлаж байгаа гэнэ. Энэхүү нийгэмд хэрэгтэй, амьдралд бодит тусгалаа олох бүрэн боломжтой шинэ санааг шилдэг төсөл болгон 2014 оны МЗХ-ын ажлын төлөвлөгөөнд оруулан хамтран хэрэгжүүлэх юм байна.

Хамгийн гол нь хэрэгжүүлэх боломжтой, шинэ санаа гаргасан, тухайн шинэ санаагаа хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар маркетинг, үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулсан байх шаардлага тавигдах аж. Мөн танилцуулга, зорилго зорилт, хэрэгжүүлэх болсон шалтгаан, төсөл хэрэгжсэний дараа гарах үр дүн зэргийг тодорхой тусгана. Уралдаанд ирүүлэх материалыг энэ сарын 12-оос, ирэх арванхоёрдугаар сарын 25 хүртэл хүлээн авах  юм байна.

Шилдэг таван төслийг  арванхоёрдугаар сарын 30-нд шилдэг шалгаруулж ажил хэрэг болгох тул залуучууд идэвхи санаачилгатай оролцож, олон шинэ санал санаачлагаа бодит биелэл болгохын тулд энэхүү уралдаанд идэвхитэй оролцохыг Монголын Залуучуудын холбооноос уриаллаа.

П.Наран
 
Shuud.mn
Сонин хачин