М.Мөнхбат: Тодорхой хэмжээнд хүнд суртал арилна
2014-03-18

 

УИХ-ын чуулганаас өнгөрөгч оны сүүлчээр Хилийн боомтын тухай хуулийн төслийг баталсан билээ. Хилийн боомтын тухай хууль энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Энэ шинэ хуулиар Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжин, тус газар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болж байгаа. Энэ байгууллага нь улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлж бүртгэлийн нэгдсэн сан байгуулах үүрэг хүлээх юм. Энэхүү байгууллага нь Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартай хамтран гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, манай улсад зорчиж буй гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих боломж бүрдэж байгаа ажээ. Энэ талаар тус газрын дэд дарга М.Мөнхбаттай уулзаж ярилцлаа.

 

-Шинэ хуулиар танай байгууллага өөрчлөгдөж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болно гэсэн. Ингэснээр гадаад дотоодын иргэдэд үйлчлэхэд ямар давуу байдал бий болох вэ?

-Ер нь бол Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч тээврийг шалгаж нэвтрүүлэх энэ  үйл ажиллагаа ямар дарааллаар явагдаж байсныг эхлээд ярья. Хилээр зорчигч нэвтрээд ороод ирнэ. Хилээр ороод ирэхэд манай байгууллага визийг нь буюу паспортыг нь шалгаж байгаа. Визээ шалгуулчихаад дахиад хил хамгаалах байгууллага хилийн шалган дээр очиж паспортоо шалгуулаад штамп даруулж нэвтэрдэг. Ингээд гааль дээр очоод өөрийн ачаагаа шалгуулаад мэргэжлийн хяналт дээр очиж дахиад шалгуулдаг. Нэг хүний бичиг баримтыг хоёр удаа, ачаа барааг нь мөн хоёр удаа шалгадаг ийм дараалалтай байсан. Нэг талын давхардсан тогтолцоо яваад байсан. Тэгэхээр хилийн боомтын тухай хууль батлагдсанаар энэ асуудлыг үндсэндээ цэгцэлж өгсөн.

 

-Олон шат дамжлага, давхардлууд багассан гэсэн үг үү?

-Улсын хилээр нэвтэрч байгаа дотоодын иргэн ч бай бичиг баримтыг нь нэг байгууллага шалгая. Энэ нь аль байгууллага байх ёстой юм бэ гэдэг дээр нэлээн судалгаа хийж байгаад Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар дээр байсан нь зөв юм байнаа гэсэн шийдэлд хүрсэн. Гаалийн байгууллага дээр бол зөвхөн гаалийн байгууллага хяналт шалгалтаа хийнэ. Зайлшгүй хорио цээрийн шалгалт шаардлагатай бараа бүтээгдэхүүн байвал хорио цээрийн байцаагч нь шалгая, ийм давхардсан том бүтэц ажиллуулж хийдэл үргүй зардал үүсгээд яах вэ  гээд энэ асуудлыг шийдвэрлэсэн. Цаашдаа хилийн боомтын тухай хуулиараа боомт гэж нэрлээд байгаа энэ онцгой обьектийн хөгжлийг нь сайжруулья. Энийг дагуулаад боомт дээр ажиллаж байгаа ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэхийн зэрэгцээ тэр хот сууринг өөрчлөх хөгжил бий болгох гэсэн зорилго санаан дор энэ хууль бий болсон гэж болно. Энэ хууль гарснаар манай байгууллагад нэгдүгээрт, хилийн шалган нэвтрүүлэх чиг үүргийн яг тэр бичиг баримтыг шалгах нэвтрүүлэх, хориглох, гаргах энэ бүх үйл ажиллагаа ирж байгаа. Энэ нь бас бидэнд нэлээн давуу талтай болгож байгаа. Өргөн утгаараа ерөөсөө гадаадын иргэнд тавих хяналт бүртгэл цаашлаад үндэсний аюулгүй байдлыг хангахад дөхөм болж байгаа юм.  Жишээлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулинд 30 хоногийн хугацаатай ирж байгаа гадаадын иргэн ямар нэгэн байгууллагад бүртгүүлэхгүй байж болох, 30-аас дээш хоног МУ-д байх гадаадын иргэн манай байгууллагад бүртгүүлнэ ээ гэсэн ийм заалт байдаг. Тэгэнгүүт зарим нэг визгүй зорчдог гадаадын иргэд маань орж ирчихээд бүртгэлгүй учраас 30 хоногийн дотор хөдөлмөр эрхэлж байгаад буцаж хилээр гарчихаад дахиад орж ирэхэд 30 хоног нь дахиад сэргэчихдэг. Дахиад хөдөлмөр эрхэлж болдог гэх мэт хууль зөрчөөд байдаг. Мэргэжлийнхний хүрээнд манайхан энийг багана тойрох гэж хэлээд байдаг юм л даа. Энэ асуудлыг одоо шинэ бүтцээр үндсэнд нь цэгцлэх боломжтой болчихож байгаа юм.

.

-Урьд нь хил хамгаалах байгууллага энэ талын хяналтыг тавьж чаддаггүй байсан хэрэг үү ?

-Хил хамгаалах байгууллага энэ асуудал дээр хяналт тавьдаг байсан. Гэхдээ энэ байгууллагын чиг үүрэг зөвхөн хил дээр байдаг байсан болохоос нутгийн гүнд байхгүй байсан. Тэгэхээр төгс хангалттай хяналт биш гэсэн үг. Одоо шинэ бүтцээр энэ байдал цэгцэрч  хяналт сайжрах нөхцөл бүрдэж байгаа.

Мөн үүн дээр бид нар гадаадын иргэдийг орж ирэхээр нь заавал долоо хоногийн дотор бүртгүүл тэг ингэ гээд бас л нэг тодорхой хэмжээгээр хүнд сурталтай тал  байсан. Одоо бол хилийн боомт дээрээ тухайн иргэнийг орж ирэхэд нь бүртгэх боломж бий болж байгаа юм. Сүлжээ системийнхээ дэд бүтцийг сайжруулснаараа хил дээр ороод ирэхэд нь бүртгээд хаана юу хийж зорчиж байгаад хэзээ гарав гэдэг дээр бүрэн хяналт тавих боломж бий болж байгаа юм. Тодорхой хэмжээнд хүнд суртал ч арилна.

.

-Энэ чиг үүргүүд нэгдсэнээр ажилчдын ачаалал ихсэх үү?

-Одоо бүх хилийн боомт дээр байгаа шалгагч ажилтнууд ажлаа хэвийн явуулж байна. Энэ хүмүүсийн үүрэг нь нэмэгдэж байгаа. Хилээр орж байгаа зорчигчийн паспорт дээр зөвхөн штамп дараад бүртгэл мэдээлэлд авах төдийгөөр хязгаарлагдахгүй хяналт давхар хийгдэх болно.

 

-Манай хил их нээлттэй гэдэг ч юм уу. Монгголын визний асуудал их амархан шийдэгддэг. Гадныхан манайхныг яадаг билээ гэх мэт яриа байдаг.

-Энэ маань иргэдийн хувьд зөвхөн агаарын замын боомт буюу эсвэл олон улсын хоёр гурван том боомт дээрээ л хийж байгаа ажиглалтаас үүссэн яриа байх. Ерөнхийдөө олон улсын түвшинд манай Монгол улсыг энэ талдаа хатуу хууль дүрэмтэй хатуу байгууллага гэж тооцдог. Энэ нь юугаараа илэрхийлэгдэж байна гэхээр бид нар хил дээр орж байгаа зөрчилтэй иргэнийг нэвтрүүлэхгүй буцаах бүрэн эрхийнхээ дагуу нэлээд иргэнийг оруулахгүй буцаадаг. Хүмүүсийн нүдэнд байнга ажиглагдахгүй ч цаана олон боомтыг хамарч үзвэл энэ ойлголт өөр. Хууль журам барьж л ажиллана. Одоо манай байгууллага байгуулагдаад тодорхой хугацаанд өөрийн гэсэн мэдээллийн сан бий болгох хэмжээнд хүрчихлээ л дээ.  Байнга манай улсад орж гарч зорчиж байгаа гадаадын иргэдийн талаарх мэдээллийн сантай болж байна. Үүгээрээ хяналтаа сайжруулна. Мөн ГХЯ-тай  болон гадаадад байгаа дипломат төлөөлөгчийн газартайгаа хамтран ажилладаг учраас гадаад иргэдийн виз бусад асуудлыг эндээс ихэвчлэн шийдвэрлэдэг. Жишээ нь, гадаадад хуурамч компаниуд их байдаг. Гадаадын нэг иргэн манайд зорчих урилга хүсэхэд албан хүсэлт бичээд тамгаа дараад манай дипломат албанд өгчихдөг, үйл ажиллагаа явуулдаггүй. Ийм компаниудыг сүүлийн нэг хоёр жилд цэгцлэх арга хэмжээ авч байгаа. Бид энэ хуурамч компаниудыг шалгаад  үйлчлэлгүй болгоод зөрчлийг арилгаад ирэхээр цаашдаа гадаадын иргэд үнэн бодит бүрдүүлэлт урилгаар манай оронд зорчихыг илүүд үзнэ. Яг визний асуудал дээр бол зайлшгүй шаардлагатай тохиолдлын визийг зарим тохиолдолд хил дээр олгож байгаа.

-За цаг гаргаж ярилцсанд баярлалаа

.

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
өвөө :
манай улсаас өөр нилээд туршлагатай хилийн хамгаалалтын байгуулагаас энгийн туршлагагүй байгуулагад өгдөг гүйцэтгэх засаглал үгүй дээ. дан орлого хөөж хил дээрээ виз өгдөг улс тэр бүр байдаггүй дээ тэгэхээр консулын ажлыг тээврийн хэрэгсэлээ зогсоож байгаад хийдэг шинэ тэнэг маягийн туршлага олон улсад гаргах нь дээ нэг их олон улс дэмжихгүй л болов уу даа хөөрхий төрийн өндөрлөгүүд минь жаахан бодож байхгүй бол зарим шинэчлэл нэг л буруу юм шиг.
2014-03-18