Сарангэрэлийн гурав дахь үнэн
2014-06-27

Гишүүдийн ирц хангалтгүй байсан тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр завсарлалаа. Энэ нь байнга болж байдаг зүйл болсон тул содон мэдээ байхаа больсон. Араас нь Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр суурилуулах 100 МВт-ын турбингенераторыг худалдан авах, суурилуулахад шаардагдах хөрөнгийг дахин санхүүжүүлэх зориулалтаар ОХУ-ын Внешэконом банктай 75 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрч, 16 сумын 65 гаруй мянган хүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангагдаж, төвлөрсөн дулаан хангамжтай холбох “сумын төвийн шинэчлэл” төслийн талаар хэлэлцсэн мэдээлэл байна. Мөн манай улс улаан бурхан өвчний тархалтыг таслан зогсоосон батламжаа ДЭМБ-аас авчээ. Энэ бол бүүр сонин биш байлаа. Харин Сарангэрэл, “сайн ах” хоёрын явдал юу болж байна гэж бие биенээсээ асууж байх юм. Өчигдрөөс интернет сүлжээ, сошиал орчинд байгаа хүн бүр шахуу энэ тухай анхааран уншиж, постолж, жиргэж байна. Бусдын хувийн амьдрал, ор хөнжилд саваагүйтэн өнгийх гэдэг олон нийтийн бохир таашаалын царан дээр Сарангэрэл гэж охиныг гарган тавьсан нь энэ. Улс төрийн зорилготой ч байх. 4 сарын өмнөөс хүмүүсийн анхааралд оруулж Хууль зүйн сайдын хүзүүний гинж болгосон энэ жаахан охиныг эфирт гаргаж үгийг нь сонсголоо. Ядарч, хямарсан царайтай охин хоёр өөр орчинд хоёр өөр үнэнийг хэлжээ. Нэр холбогдсон Х.Тэмүүжин сайдтай дотно харьцаанд орсон гэж ТВ-ийн студид ярьсан бол, өөр нэг өрөөнд сайдтай жирийн танил байсан гэжээ. Тусалчих болов уу гээд О.Баасанхүү гишүүнтэй уулзья гэсээр хорих ангид байхдаа уулзсан. Гэтэл эрхэм дээд гишүүн дарамталж басамжилсан харьцаа гаргасан. Х.Тэмүүжин сайдтай дотно харьцаатай байснаа бичгээр өг гэж шахсан. Эцэст нь нэр гарч буй хоёрт хоёуланд нь гомдолтой байна гэж хэллээ.

6

Гэхдээ хоёр ярилцлагадаа нэг зүйлийг гуйвалтгүй итгэлтэй хэлжээ. Би хар тамхичин биш. Ийм хэрэг байгаагүй. Энийг шүүх тогтоож хэргийг нь цагаатгаж өгнө гэж итгэж найдаж байгаа. Одоо үүсээд байгаа нөхцөл байдал өөрийнх нь нэр холбогдоод байгаа асуудлаас болж янз бүрийн нөлөөлөл дарамт ирэхгүй бол хар тамхи хадгалсан зөөвөрлөсөн зэрэг зүйл ангитай хэрэг нь цагаадна гэж бодож байгаа гэдгээ хоёр өөр орчинд өгсөн ярилцлагадаа ямар ч зөрүүгүй хэлсэн байсан. Хэвлэл сайтууд сенсаац хөөх төрөлх араншингаараа энэ ярилцлагыг цай уух зуурт топ хандалт болгож чадлаа. Амнаас аманд яригдах шуугианы эзэн Сарангэрэл охинд энэ нь яаж тусч байгааг хэлэхэд хэцүү. Гэхдээ насанд хүрч, төмөр торны цаана хэдэн сар хоригдож наад цаадахыг мэдэх болсон хүн байна, ярилцлага өгөхийнхөө өмнө болоод дараа нь юу болох ямар хэл дуулиан дэгдэхийг эрх биш тооцсон байх нь тодорхой. Нарийн зүйлийг ойлгох ч сөгөөгүй шууд яриулсан байхыг ч үгүйсгэх газаргүй. Өөрөө шийдээд ярьсан юм байна гэхээр Х.Тэмүүжин сайдын талаар хоёр өөр зөрчилтэй ярилцлага өгсөн байгаа нь элдэв таамгийг дагуулаад байна. Зарим тодорхой асуултууд дээр итгэл муутай, өгүүлбэрээ байнга дутуу төгсгөх түүний яриа яг өөрийнх нь дотоод үнэнээс гарч байгаа гэх итгэлийг тийм сайн төрүүлэхгүй байгаа юм. Сэтгэл санаа нь их хямарсан байснаас тийм итгэлгүй харагдсан байж болох. Ямартай ч тэр ойрын өдрүүдийн жинхэнэ шуугианы эзэн боллоо. Хэрвээ энэ ярилцлагыг үнэхээр охиныг өрөвдсөн өмгөөлсөн ариун зорилгоор олон нийтэд хүргэе гэж эфирт цацсан бол энэ зорилго нь тэр дороо будаа болсон гэсэн үг. Хөөрхий охиныг цөөнх нь өрөвдөх ч, олонх нь сайн муугийн хэл ам, комментоор шарж гэр бүлийнхнийг нь болоод өөрийг нь гудамжаар алхаж гишгэхээргүй болгоно. Олон нийт яахав, бас цагаахан тул сонирхол нь буурангуут мартчихна.

6

Харин цаанаа зорилготой байгаа хэн нэгний хүссэн үг, өгүүлбэрийг хэлж эхэлсэн бол хэцүү хүнд асуудал дөнгөж эхэлж байна гэж болно. Наанаа матрын нулимс гаргаж охиныг өрөвдөх улстөрчид, хэн ч байлаа цаанаа Сарангэрэл гэдэг охиноор улс төр хийгээд орхих гэж байгаа л дүр зураг харагдаад байна.

6

Олон мянган үзэгчийн өмнө нэр бүхий хүнтэй холбогдох хувийн уулзалт, дотно харьцааны асуултад “тийм” ,“үгүй” гэж хариулаад энэ бүхний эцэст найз залуу нь өөрийг нь “буруу” ойлгож хөндийрөх бий, цаашдаа нөхөр олдохгүй болох вий  гэж санаа зовж суугаа охин үнэхээр хүүхдээрээ харагдлаа. Хүний нялх үрийг элдвээр хэлж элэглэж тохуурхах хатуу өртэй хүмүүс Монголчууд биш. Тэд цаад эздийг нь зүхэж суугаа юм. Хэрвээ өөрийнх нь итгэлтэй хэлж байгаагаар хар тамхины хэрэгт хамаагүй юм бол дэгж дэрвэсэн амьдралаар, өөрийнхөөрөө явж байсан охиныг энгийн амьдарлаас нь суга татаж хэрэг үүсгэж, энэ хүртэл чирсэн цаад шалтгаан нь юу байв. Энэ нь “Х.Тэмүүжин сайдтай дотно байсан” гэж өөрөөр нь хэлүүлэх хүртэл үргэлжлэх ёстой байсан юм болов уу. Хэрвээ тийм бол хөөрхий охинд ирэх дарамт улам их болж, бултах газар нь улам л бага болж байгаа байх.

6

Ямар үгийн үнэ цэнэ, “болзол” сануулгаар даалтад гарч шоронд орчихолгүй үлдэх бэрх сонголт дээр ирж телевизээр яагаад зөрчилтэй, зөрүүтэй зүйл яриад байгаагийнхаа цаад үнэнийг тэр өөрөө л мэдэж байгаа. Магадгүй энэ бүх хар хэл амтай үйл явдал, дарамт өнгөрсний дараа Сарангэрэл охин гурав дахь үнэнийг хэлсэн ярилцлага өгөх байх гэж найдья. Гэхдээ үнэн ганц л байдаг гэдгийг бид бүгд мэднэ.

6

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин