Манай 17 тамирчин олимпийн тэтгэлэг хүртэнэ
2014-12-10

"Рио-2016” олимпийн тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт манай улсаас 17 тамирчин хамрагджээ.  Олон улсын олимпийн хорооноос ирэх 2016 онд Бразил улсын Рио-де-Жанейро хотод болох олимпийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй эрхээ авч чадах, медаль хүртэх магадлалтай тамирчдад дэмжлэг үзүүлсэн байна.

ы

Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй нэр дэвшигчдийн анкетийг МҮОХ-ноос Олон улсын олимпийн хороонд илгээснээс манай 17 тамирчин тэтгэлэгт тэнцжээ.  Жүдо бөхийн төрлөөр МУГТ С.Ням-Очир, Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар тэтгэлэг хүртжээ. Чөлөөт бөхийн төрлөөр МУГТ С.Батцэцэг, О.Насанбурмаа, Г.Мандахнаран, ОУХМ Б.Номин нар хөтөлбөрт хамрагдах бол боксын спортоор ОУХМ Д.Отгондалай, М.Нандинцэцэг, Б.Чинзориг нар тэтгэлэг хүртэнэ. Харин буудлагын төрөлд Т.Баярмаа, Ц.Мөнхзул, О.Янжинлхам нар шалгарсан бол байт харвааний тамирчин Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар хөтөлбөрт хамрагджээ. Мөн хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг шалгарсан бол хөнгөн атлетикийн төрөлд ОУХМ Б.Мөнхзаяа тэнцсэн байна.

б

Тамирчид улирал бүр 1000 ам.долларын тэтгэлэг авах юм байна.  Тэтгэлэгт хамрагдсан тамирчид сахилга батын зөрчил гаргах буюу допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэх, олимпийн эрхээ авч чадаагүй тохиолдолд тэтгэлгээс хасагдах журамтай аж. Бээжин-2008 олимпийн тэтгэлэгт хөтөлбөрт манай улсын найман тамирчин тэнцэж, бүгд олимпийн эрхээ авч оролцож байжээ. Мөн Лондонгийн олимпийн тэтгэлэгт хөтөлбөрт манай 10 тамирчин хамрагдаж байсан байна.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин