Хариуцлага алдсан удирдлагыг 4.6 саяар торгоно
2015-04-06

ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүд ажилтнуудын хариуцлагагүй үйлдлээс болж өөрийн өвчнийг анагаах бус өөр төрлийн эм хэрэглэж, хордлого авсан тохиолдол хэдхэн хоногийн өмнө гарсан. Уг асуудалд мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн. Энэ тухай МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга Н.Гансүхээс тодрууллаа. 

 

- Энэ асуудалд танай байгууллагаас шалгалт хийлээ. Шалгалтын талаар товч танилцуулаач?

-Энэ асуудал цэвэр байгууллагын удирдах ажилтны хариуцлага, дотоод хяналт сул, ажил үүргээ хүлээж ажиллаж байгаа хүмүүсийн сахилга баттай холбоотой. Гуравдугаар сарын 19-ний өдөр ЭХЭМҮТ-д олгогдож байсан эмийн хэрэгцээ дуусч, гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлээд эм олгогч шууд эмийн агуулах руу утасдаж ланадоксон /худалдааны нэршлээр/ эмийг авъя гэж утсаар мэдэгдсэн гэж байгаа юм. Гэтэл ланасорбид гэх насанд хүрэгчид уус ёстой зүрхний архаг дутагдлын эм андуурагдаж ирсэн байтал ажилдаа хариуцлагагүй хандаж, хэрэгцээтэй тасагт тараасан байгаа. Сувилагч нь “энэ эм өөрчлөгдсөн юм биш үү” гэхэд нь тоолгүй “өгөх ёстой” гэсний дагуу тараасан гэсэн. Ер нь эмийн захиалга өгөхдөө утсаар мэдээлэх ёсгүй. Мөн мэргэжилтнүүд эмийг худалдааны нэршлээр бус олон улсын нэршлээр ярих ёстой.

 

-Найман хүүхэд хордлого авсан биеийн байдал ямар байгаа бол. Эдний биед цаашид эмийн сөрөг нөлөө гарах байх.

-Цусны эмгэг судлалын тасагт хэвтэж байсан найман сартайгаас 15 настай найман хүүхэд 180 ширхэг эм хэрэглэсэн байсан. Эм хэрэглэж байсан хүүхдийн аав “энэ эм биш байна” гээд мэдсэн байгаа юм. Ингэж яаралтай арга хэмжээ авсны дүнд хүүхдийн амь насанд хохирол учирсангүй. Дөрвөн хүүхэд эмчлэгдэж гарсан. Дөрөв нь эмчлүүлж байна. Биеийн байдал гайгүй. Гэхдээ эмийн сөрөг нөлөө гарна.

 

-Хариуцлага алдсан хүмүүст ямар арга хэмжээ авах вэ?

-Эмийн сонгон шалгаруулалт хийхдээ эмийг нөөцлөх асуудал орхигдсон. Ямар ч тендер, сонгон шалгаруулалтгүйгээр эм таталтаа хийдэг тендерийн хуулийн цоорхой энэ бол том зөрчил. Дараагийн зөрчил бол дотоод хяналт, хувь хүний хариуцлага. Үүнээс болж ийм зүйл гарч байна. Бид хуулийн дагуу байгууллагын удирдлагад хариуцлага тооцож, албан шаардлага өгч зөрчлийг арилгуулна.

 

-Торгуулийн хэмжээ мөнгөн дүнгээр хэдэн төгрөг вэ. Хариуцлага алдсан ажилтнууд ямар хариуцлага хүлээх бол.

-Мөнгөн дүнгээр бол 4.6 сая төгрөгийн торгуул. Хариуцлага алдсан хүмүүстээ байгууллагын удирдлага нь хариуцлага тооцно.

 

-Өмнө нь “Монос”-ын эмийн санчийн хариуцлагагүй байдлаас 16 хүүхэд эмийн хордлого авч байсан. Энэ алдаа давтагдлаа.

-“Монос”-ыг буруутгах үндэслэл байгаа. Гэхдээ шууд ингэж болохгүй. Яаралтай эм хэрэгтэй байна гээд утсаар мэдээлсэн гэж байгаа. Хэн нь зөв мэдээлэл өгсөн, хэн нь буруу хэлсэн, сонссон гэдгийг яг одоо хэн ч баталж чадахгүй. “Монос” ч хариуцлагатай хандах ёстой байсан. Тэдний удирдлагад албан шаардлага хүргүүлж, мөнгөн торгуул ногдуулна,  хуулийн дагуу хариуцлага алдсан хүнд арга хэмжээ тооцно.

 

-Ер нь ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасагт ажиллах эмийн мэргэжилтний батлагдсан тоо байдаг уу?

-Салбарын сайдын гаргасан стандартын дагуу 700 ортой хүүхдийн тасагт 12 эмийн мэргэжилтэн байх ёстой гэсэн байдаг. Гэхдээ тэнд 4-5 хүн ажиллаж байна.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин